Замын хашлага, бордюртэй холбоотой асуудлаар Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ.
ГЕГ-ын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэл хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд 2024 оны эхний есөн сарын байдлаар нийт 58 ААН, хоёр иргэний 21,000 тонн замын хашлага, бордюр хавтангууд импортолж, нийт 2.4 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн.
Нэг ширхэг бордюрыг 19,000 төгрөгөөр тооцож гаалийн татвар авсан гэх мэдээ цахим орчинд өрнөж байна. Бид шалгаж үзэхэд ийм асуудал гараагүй.
Бордюрын импорт, замын хашлагын нэг ширхэгийн үнийг тооцоолж үзэхэд дунджаар 77,000 орчимд гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн татвар болон НӨАТ-ыг төлж барагдуулдаг. Монголд бордюрыг 19,000 төгрөгөөр оруулж ирсэн асуудал байхгүй.Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгах байх.
Гаалийн үнэ гэдэг нь тухайн барааны онцлог, бүтэц, худалдааны гэрээнээс хамаараад тээвэрлэлтийн нөхцөл байдал болон бусад гадаад оронд зарж буй үнээ нэмээд гаальд мэдүүлж байгаа дүн.
Энэ жил улс орны бүтээн байгуулалтын их ажил өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор өмнөх онтой харьцуулбал 30 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Гаалийн байгууллагын хувьд хэмжээсийг метр куб, тонноор илэрхийлдэг бөгөөд гаалийн үнийг ширхгээр тодорхойлдоггүй” гэв. Түүнчлэн “Энэ жил байгалийн чулуун бордюр их орж ирсэн. Мөн цементэн бетон бордюр бий. Гаалийн татварын хувьд,
- Байгалийн чулуун хашлагын гаалийн татвар нь таван хувь, НӨАТ 10 хувь
- Цементэн бетон хашлагын гаалийн тариф нь 20 хувь, НӨАТ нь 10 хувь байдаг гэлээ.
Сэтгэгдэл бичих