Нийслэлийн нийтийн тээврийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэв. Тэрбээр, нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байгааг дурдаад,
- Инженер техникийн 329 ажилтан байгаа бөгөөд нэмэлтээр 38 хүн шаардлагатай.
- Засвар үйлчилгээний 241 ажилтан байгаагаас 62 орон тоо сул байна.
- Мөн 2,039 жолооч байгаа бөгөөд 221 хүн шаардлагатай байна.
Жолооч хүрэлцээгүй нь автобус үйлчилгээнд явахад нөлөөлж байгаа тул цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага бий болсныг онцлов. Мөн энэ онд нийтийн тээврийн үйлчилгээнээс 465 автобус хасагдана. Парк шинэчлэлийн хүрээнд энэ онд 205 автобус оруулж ирснээс дунд багтаамжийн 50, цахилгаан 55, их багтаамжийн дизель 100 автобус байгаа юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 470 автобусаар парк шинэчлэл хийжээ. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 400 автобус авсан бөгөөд эргэн төлөлт хангалтгүй, 26 хувьтай байна.
Улсын төсвөөс нийтийн тээврийн салбарт олгодог татаас жил ирэх бүр нэмэгдэж байна. Автобусны маршрут, чиглэлийн төлөвлөлтөд алдаа, мөн аж ахуйн нэгжийн ашиг сонирхол бий болсон. Цаашид богино эргэлтийг нэмэгдүүлэх бөгөөд зорчилтыг нэмэгдүүлэхийн тулд уян хатан төлбөрийн зохицуулалт хийнэ. Түүнчлэн автобусны зогсоолын стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн зорчилт 26 хувьтай байгааг 60 хувьд хүргэх бодлого баримтлан ажиллана гэсэн юм.
Сэтгэгдэл бичих