Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хурлаар дүүргүүдэд үүссэн хур, үүсмэл хогийн цэгүүдийг шалгах үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд есөн дүүрэгт үзлэг шалгалт хийхэд нийт есөн байршилд хур хогийн цэг үүсчээ. Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэх үүрэг бүхий 12 ОНӨААТҮГ, 13 хувийн аж ахуйн нэгж 393 техник хэрэгсэл, 913 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023-2024 онд нийт 600 автобус хүлээн авч, нийслэлийн өмчит хоёр, хувийн хэвшлийн арван байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд 457 автобусанд төхөөрөмж суурилуулан үйлчилгээнд гаргасан бол 143 автобус төхөөрөмжгүй байна. Парк шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор Морингийн даваа болон Тахилтад шинээр автобус бааз байгуулж буй. Морингийн даваа дахь баазад 54 автобус байршуулж байгаа бөгөөд нийт барилгын ажил 80 хувьтай, энэ оны долоодугаар сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин Тахилт дахь бааз 110 автобусны багтаамжтай бөгөөд нийт ажлын явц 78.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөө, Их болон Бага тойруу, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмын явган хүний зам, талбайг стандартад нийцүүлэн, байгалийн чулуун хийцлэлээр хийхээр болсон. Одоогийн Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-аас замын трассыг нарийвчлан тогтоохоор судалгаа хийн, зураг төслийг боловсруулж байгаа юм. Зураг төслийн ажлын нарийвчилсан төлөвлөгөөг дараагийн шуурхай зөвлөгөөнөөр танилцуулахыг Хотын дарга даалгалаа.