Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэл нь Боомтын сэргэлт билээ. Энэ хүрээнд 2023 онд Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг 8 боомтыг хөгжүүлж, бүтээн баигуулалтын ажлыг өрнүүлж байна. Монгол Улсын өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг нэвтрүүлдэг эдиин засгиин гол зангилаа боомт болох Замын-Үүд боомтыг Улсын төсвийн хөрөнгө болох 30.35 тэрбум,БНХАУ-ын буцалтгүй тусламж 233.5 сая юанийн хөрөнгөөр Хөгжлийн хөтөч дэд бүтэц төслийн хүрээнд энэхүү бүтээн байгуулалтыг барьж байгууллаа. Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа Замын-Үүд Автозамын боомтын ачаа тээврийн цогцолборт боллоо.
Замын-Үүд боомтын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга болон УИХ-ын гишүүд, бусад албаныхан оролцож, бүтээн байгуулалтын ажилтай танилцав.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний зорилт бол боомтын боймыг тайлах юм. Өнөөдөр эдийн засаг, худалдааны гол хаалга Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна.
Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллах боломжийг бүрдүүллээ. Замын-Үүд боомтын боомилогдсон зангилаа ийнхүү тайлагдаж зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгдэж байна” хэмээн онцлов.Мөн тэрбээр Замын-Үүд боомтод эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг хоёр тал тохирсныг онцлон тэмдэглэсэн юм.
“Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн хүрээнд зорчигч тээврийн хэсэгт шинээр шалган нэвтрүүлэх 9500 ам.метр цогцолбор бүхий барилга байгууламж 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, инженерийн дэд бүтцийн 2.2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.
Мөн “УХААЛАГ ГАРЦ” систем нэвтрүүлж, хилийн мэргэжлийн хяналтыг гаалийн байгууллагатай нэгтгэж давхардлыг багасгаж, хяналт шалгалтыг хялбарчилсан байна.
Монгол Улсын хэмжээнд нийт ачаа эргэлтийн экспортын 22, импортын 49 хувь Замын-Үүд боомтоор нэвтрэн өнгөрдөг. 2019-2023 он хүртэлх хугацаанд нийт импорт 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт, экспорт 2.3 тэрбумаас 3.4 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна.
Замын-Үүд боомт бол “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу ажилладаг, олон улсын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай боомт билээ. 2016 онд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх чиглэлээр гурван улс “Монгол-Орос-Хятадын эдиин засгиин коридор байгуулах” хөтөлбөрииг баталсан. Энэ утгаараа Замын-Үүд боомт эдиин засгиин коридорын үндсэн үүд юм.
Мөн энэ үеэр гарсан түүхэн шийдвэр нь
Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг улирлын чанартай 4 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай 24 цагийн горимд шилжүүлэх хоёр талын шийдвэр гарлаа.
Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цаг болгох хүсэлтийг 1992 оноос хойш тавьж ирсэн бөгөөд 32 жилийн дараа ийнхүү биелэлээ олж байна.
Замын-Үүд хилийн боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимд шилжсэнээр ачаалалтай оргил үед том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойгоос гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиход чухал нөлөө үзүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллалаа.