2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн эрт илрүүлгийн оношилгоо, шинжилгээнд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгасан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн ба иргэдийг идэвхтэй хамруулах үүднээс төсөвт “гар таталгүй” нэмэлт санхүүжилт тусгажээ.
Монголд амьсгалын тогтолцооны өвчлөл, бэлгийн зам, хоол боловсруулах тогтолцооны өвчин, осол гэмтэл тэргүүлэх байр эзэлдэг. Нас баралтаар зүрх судасны өвчин, хавдар эхэнд бичигдэж буй учир урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ өвчлөл рүү чиглүүлэх болсноо Эрүүл мэндийн сайд тодотгож байв.
Хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацааны дараа нас барж байна. Хавдар өвчин осол гэмтэл, халдварт өвчин шиг биед гэнэт үүсч бий болохгүй. 15-30 жилийн өмнө хавдрын суурь өвчлөл үүсдэг учир урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдсанаар сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг ХСҮТ-ийн Бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа хэлсэн.
Манай Улс дэлхийн 185 орноос элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа нэгдүгээрт бичигдэж буй бөгөөд сүүлийн 15 жил энэ үзүүлэлт буурахгүй байгаа нь харамсалтай. Харин хорт хавдрын эрт илрүүлэгт иргэдийг идэвхтэй хамруулж чадвал хавдраас үүдсэн нас баралтыг 35-60 хувиар бууруулах боломжтой гэдгийг салбарын сайд мэдэгдсэн.
Мөн 2024 он гэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгаж таван жил болгохоор Засгийн газар мөрийн хөтөлбөрт тусгасан. Тэгэхээр хоёрхон сарын дараа эхлэх энэ том зорилт, аяны бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ? Боловсон хүчний хүрэлцээ, тоног төхөөрөмжийн хангамж, лаборатори, танхимын бэлтгэл хэрхэн хийгдэж байгаа вэ? гэдгийг бид тодруулан мэдээлнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа
2021 онд дэлхийд 19 сая хүн хавдраар өвчилж
9.9 сая хорт хавдрын улмаас нас барсан.
Монгол Улсад 2021 онд 5981 хавдраар оношлогдож
4559 хүн хорт хавдрын улмаас хорвоог орхив.
Сэтгэгдэл бичих