Үндэсний статистикийн хорооноос 2022 оны наймдугаар сарын Монгол Улсын нийгэм эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулсан. Онцлох үзүүлэлтийг тоймловол,
Инфляц
Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 14.4 хувьд хүрч, өмнөх оны эцсээс 9.7 хувиар өссөн байна. Уг өсөлтөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ, согтууруулах ундаа, тамхи, хувцас, бөс бараа, гутал, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, тээврийн үнэ голлон нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд дахь 410 нэр төрлийн бараанаас 221 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж байгаа аж. Инфляц 14.4 гарсны 51.4 хувь буюу 7.4 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 24 хувиар өсжээ. Үүнд уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 27 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Түүнчлэн боловсруулах үйлдвэрийн салбарынх 1.8 нэгж хувь, усан хангамж, бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 0.3 нэгж хувиар нөлөөлөв.
Гадаад худалдаа
Экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 33.5 хувиар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний бүлгийн үнэ 38.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин өмнөх сараас 5.9 хувиар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний бүлгийн үнэ 1.8 хувиар (түүхий нефть) өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Мөнгөний нийлүүлэлт
Mөнгөний нийлүүлэлт (M2) урьдчилсан гүйцэтгэлээр 26.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 492 тэрбум төгрөгөөр буурахад төгрөгийн хадгаламж 2.5 их наяд төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 78.9 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн гэж мэдээллээ.
Хадгаламж
Төгрөгийн хадгаламж 12.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 470.7 тэрбум төгрөгөөр буурлаа. Төгрөгийн хадгаламжийн 89.5 хувь буюу 11.5 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж эзэлж байна. Харин 10.5 хувь буюу 1.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж.
Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 43.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 457.5 тэрбум төгрөгөөр өсжээ.
Чанаргүй зээл ба өр
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 22.8 их наяд төгрөг болж буурчээ. Харин өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 51.2 хувь нь иргэд, 47.4 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллага, 0.9 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байна.
Сэтгэгдэл бичих