Улаанбаатар хотод өчигдөр /2023.07.23/ орсон борооны улмаас нийслэлийн 66 хорооны 195 барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа үерт өртөж, 53 дэд өртөөний 14,132 хэрэглэгч цахилгаангүй болж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, инженерийн байгууламжид эрсдэл үүссэн байна. Үерийн улмаас зоорийн давхар усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 195 барилга байгууламжаас 60 байрны усыг соруулж дууссан бөгөөд 37 байрны усыг соруулах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Геодези, усны барилга байгууламжийн газар Нарны гүүр, Алтай хотхон, Замын цагдаагийн газар, Энхтайваны гүүр, Гэгээнтний уулзвар, 19-р хорооллын арын зам, 120 мянгат орчим, Вокзал зэрэг байршлуудын зам талбайд тогтсон усыг 3 усны машинаар нийт 686 тонн ус соруулан, зөөврийн 2 усны насосоор 6 цагийн турш 11,100 м3 усыг тус тус соруулан ажилласан байна. Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар Баянмонгол хороолол, Сэлбэ хотхонд 1 сордог машин, 19 гном, 1 генератор ашиглан харъяа орон сууцны подвалийн усыг соруулах ажлыг 267 хүн 21 техниктэй хийж байна гэж УОК-оос мэдээллээ.
Сэтгэгдэл бичих