Энэтхэгийн өмнөд бүсийн Керала мужид цэвэрлэгээ, ариутгалын ажил эрхэлдэг 11 эмэгтэй мөнгөө нийлүүлэн дундаа нэг сугалааны тасалбар худалдан авчээ. Аз тэднийг ивээж, 100 сая рупи ($1.2 сая) хожсон нь дэлхий дахинд түгж байна.
Азтан эмэгтэйчүүд нь Керала мужийн Малаппурам дүүргийн Параппанангади хотын айл өрхүүдээс биологийн задралд ордоггүй хог хаягдлыг цуглуулах ажил эрхэлдэг ажээ. Тэд айл өрхүүдээс цуглуулсан сар тутмын үйлчилгээний хураамжаас цалинждаг бөгөөд өдрийн орлого нь 250 рупи ($3) орчим юм байна. Цалин нь хүрэлцдэггүй тул өрөөс өрийн хооронд амьдардаг байжээ.
Бүсгүйчүүд амьдралдаа нэмэр болох мөнгө олох зорилгоор сугалааны тасалбар хамтран худалдаж авдаг байсан бөгөөд өмнө нь нэг удаа 1,000 рупи хожсон удаатай гэнэ.
Азтан эмэгтэйчүүдийн нэг болох 62 настай Баби “Надаад хэзээ ч аз тохиож байгаагүй, манай гэр бүл 2018 оны үерт орон гэрээ алдсан ч, одоо шинэ байртай болж, бүх өрөө дарах боломжтой болсон” гэдгээ сурвалжлагчид ярьжээ.
Өнгөрсөн онд нөхрөө бөөрний өвчнөөр алдсан 50 настай Бинду “Нөхөр маань эмчилгээнд хураасан мөнгөнөөсөө сугалааны тасалбар авдаг байсан. Гэсэн ч тэр орон байраа босгож дуусгалгүй нас барсан. Одоо би дуусгах боломжтой боллоо” гэж ярьсан байна. Түүний нөхөр бөөр шилжүүлэн суулгах хагалгааны төлбөргүйгээс нас баржээ. Азтан болсон эмэгтэйчүүд татвараа төлөөд 63 сая рупийг ($766,000) гар дээрээ авах гэнэ.
Азтан болсон 11 эмэгтэй энэ мөнгийг тэнцүү 10 хувааж авахаар тохирсон бөгөөд тасалбар худалдаж авах мөнгийг дундаасаа хувааж гаргасан хоёр эмэгтэй 6.3 саяыг тэнцүү хуваах гэнэ. Харин бусад нь тус бүр 6.3 саяыг авахаар болжээ.
Сэтгэгдэл бичих