Хамас бүлгийнхэнд аравдугаар сарын 7-ны өдөр барьцаалагдсан 65 настай Израиль эмэгтэйн цогцосыг Аль-Шифа эмнэлгийн ойролцоогоос олсон гэж Израилийн хүчин Пүрэв гаригт мэдэгджээ. Ехудит Вейсс нэртэй эмэгтэйг Хамасынхан хөнөөсөн гэх боловч үхлийн шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлгүй байна. Харин өнөөдөр Аль-Шифа эмнэлгийн ойролцоогоос дахин нэг барьцааны хүний цогцосыг олов. Энэ нь 19 настай Ноа Марсианогийн цогцос байжээ. Марсианог Израилийн агаарын цохилтод өртөж нас барсан гэж Хамас бүлэг хэд хоногийн өмнө мэдээлсэн боловч цогцсыг олоогүй байсан.
НҮБ-ын Хүний эрхийн агентлаг Газын зурваст болж буй үйл явдлыг шалгахын тулд Аль-Шифа эмнэлэгт нэвтрэх эрх олгохыг хүсчээ.
Сүүлийн өдрүүдэд Газын зурвас дахь хамгийн том эмнэлэг Аль-Шифа мөргөлдөөний төв болоод байна. Израилийн арми пүрэв гарагт эмнэлгийн доороос Хамасын туннелийг олсон гэж мэдээлээд, зураг, бичлэг цацсан. Бичлэгээс харахад хонгилын босоо амны ханыг бетоноор бэхэлсэн байх ба хоолой, кабель сэлт газрын гадаргуутай ойрхон байжээ. Гэвч Израилийн мэдэгдлийг Хамасын удирдагчид үндэслэлгүй худал үг гэв.
Сэтгэгдэл бичих