“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувь, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөлийн цемент шохой” ХХК-ийг хууль бусаар хувьчилж, хохирол учруулсантай холбоотойгоор Эрдэнэбилэг, Эрдэнэбат нарын 20 хүн, 2 хуулийн этгээдийг шалгаж эхэлсэн. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөжээ. Шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцаах шийдвэрийг гаргасан байна.
Сүхбаатар дүүргийн ЭХАШШ шүүгч Д.Дарьсүрэн “Яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж байна. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын тав хоногт багтаан прокурорт эсэргүүцэл бичих, оролцогчид гомдол гаргах эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг буруу тусгаарласан. Шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх зайлшгүй үндэслэл тогтоогдож байна. Ийм үндэслэлээр хэргийг буцаан шийдвэрлэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагч нарын гэм буруугүй нь асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг товлон, 2023 оны арванхоёрдугаар сарын 19-21-ний өдрүүдэд хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийг буруу тусгаарласан, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорт буцааж шийдвэрлэлээ” гэв.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өмгөөлөгч З.Буяндаваа “Шүүх байгууллагад итгэмээр байна. Итгэх ёстой. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Гэхдээ энэ мэтийн шийдвэрээс болж компани, улс орон хохирсоор байх юм уу. Бид ийм маягаар асуудалд хандаад байвал улс орны ирээдүй бүрхэг болж байна. Шүүх байгууллага нэг гараараа яллагдагчийг явуулаад, нөгөө гараараа яллагдагч эзгүйд энэ хэргийг шийдэхгүй гэж шийдвэрлэж болохгүй. Хохирогчдын өмгөөлөгчийн зүгээс энэ захирамжтай холбоотой гомдлыг давж заалдах шатны журмаар гаргана. Тухайн үед нь мэдээлэл өгөөд явна.
Улсад учруулсан хохиролтой холбоотойгоор шинжээчид ажилласан. Нотлох баримтууд хавтаст хэрэгт хоёр, гурваараа л байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь байгаа. Нийт 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэрэг 322 хуудастай. Тэр олон хуудаст байгаа. Хамгийн гол үндэслэл нь энэ хэргийг буруу тусгаарласан гэсэн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг гэдэг хүмүүс эзгүйд энэ асуудлыг шийдэж болохгүй гэж байна. Бид эсрэг байр суурьтай байна. Хамжсан хүмүүс нь хэзээ гадаадаас ирнэ тэр үедээ ялаа аваад явах ёстой гэдэг байр суурьтай байгаа” гэв.
Сэтгэгдэл бичих