Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, “шилэн хоргонд” байгаа мэт ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагаар анх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг боловсруулж байв. Энэхүү анхдагч хуулийн төслийг 2022 оны нэгдүгээр сард тухайн үеийн салбарын сайд Г.Ёндонгоор ахлуулсан УУХҮЯ-ны баг УИХ-д өргөн барьсан.
Улмаар Засгийн газар, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус хуулийг баталсан. Харин Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах шийдвэр Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор гарч, мөн Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн 2024 оны 13 дугаар тогтоолоор “Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам”-ыг баталсан байдаг.
Тогтоолын дагуу 2024.04.29-ний өдөр анхны биржийн арилжааг амжилттай зохион байгууллаа. Эхний арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 3 багц буюу 3,000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2,142 ам.доллараар борлуулав.
Худалдан авагчдын биржид байршуулах дэнчингийн хэмжээ нь 582,149.39 ам.доллар байх бөгөөд спот арилжааны хувьд 5%, форвард арилжааны хувьд 10% байх журмыг мөрдөнө. Зэсийн баяжмалын спот гэрээ нь төлбөр төлөгдсөнөөс хойш 30 хоногт хүчинтэй, форвард гэрээ нь 2-12 сар хүртэлх хугацаатай байх юм. Улмаар арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй аж.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлэхдээ “Энэ хуулийн төслийг баталснаар нүүрс, төмрийн хүдрийн борлуулалтаас төвлөрөх төсвийн орлого эрс нэмэгдсэн. Харин Зэсийн баяжмалын хувьд, Лондонгийн металлын биржийн арилжааны үнэ ханштай уялдах учир эрс өсөлт ярихаас илүүтэй хамгийн гол нь нээлттэй, ил тод, ард иргэдийн хяналт дор энэ арилжаа явагдана гэдгээрээ ач холбогдолтой” гэв. Засгийн газраас эхний ээлжинд Монгол Улсын үйлдвэрлэж, экспортолж буй зэсийн нийт баяжмалын 10%-ийг биржээр арилжаалах бодлогыг баримталж буй. Гэхдээ цаашид дээрх хувийг үе шаттайгаар өсгөнө гэдгийг үйлдвэрийн захирал онцоллоо.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах хүрээнд УУХҮЯ, МХБ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран бэлтгэл хангасан бөгөөд холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалт хийж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан байна.
Цан цохих ёслолын ажиллагаанд УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон албаны бусад хүмүүс оролцжээ. Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.
Сэтгэгдэл бичих