Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийхдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын томилгоо хийсэн тухай онцоллоо.
Тэрбээр “Төрийн албаны тухай хуульд өнгөрсөн жил өөрчлөлт хийж хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албанд дэвшиж, ажиллах боломжийг нээх хуулийн зохицуулалтыг хийсэн. Төрийн албанд 4500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилладаг ч төрийн захиргааны албанд 10 хувь нь ажилладаг бол удирдах албан тушаалд бараг дэвших, ажиллах боломж байдаггүй. Өнгөрсөн оны намар төрийн албаны зөвлөлөөс шалгалтыг зарлаж, шалгуур хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгүүлснээс н.Маргад-Эрдэнэ гэдэг хүнийг томиллоо. Томилгоо нь захиргааны хэргийн шүүх дээр маргаантай байж байгаад гомдол гаргасан иргэн нь гомдлоо татаж авсан. Ингэснээр төрийн албаны зөвлөлөөс томилох бүрэн боломжтой боллоо гээд холбогдох төрийн байгууллагаас ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг бичгийг нь авч Засгийн газрын хурлаар томилгоог хийлээ” гэв.
Улсын хэмжээнд 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Нийгэмд байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамж, дэмжлэгээр дэмжих ёстой гэсэн ойлголтыг халах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөр эрхэлж, нийтийн тээврээр зорчмоор байна гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан агентлаг байгуулчихаад агентлагт нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах боломж бололцоог нь нээгээгүйгээс үүдээд бодлогууд иргэдэд ээлтэй гарч чадахгүй байна гэдэг шүүмжлэл нэлээд байдаг. Тэгвэл үүгээр энэ асуудлыг шийдэж байна гэв.
Сэтгэгдэл бичих