Уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69 хувь, экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн суурь салбар болон хөгжсөнийг энэ тоон үзүүлэлтээс харж болно. Мөн сүүлийн 30 жилд уул уурхайн салбар гадаад зах зээл, дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнийн мөчлөгөөс ихээхэн хамааралтай болсон.
Тухайлбал, өнгөрсөн онд нэг тонн чулуун нүүрсний экспортын үнэ 176 ам.долларт хүрсэн нь манай улсын төсвийн орлогын төлөвлөгөөг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Хэдийгээр өнгөрсөн онд төлөвлөсөн 36 сая тонн нүүрсээ гаргаж чадалгүй, тээврийн жингийн алдагдалтай байсан ч, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өссөнөөр манай улсын төсвийн орлого тасалдалгүй, 2,8 сая ам.долларын орлого олсон үзүүлэлттэй байна.
Чулуун нүүрсний тн тутмын экспортын дундаж үнэ
2020 онд 74.3 ам.доллар
2021 онд 176.0 ам.доллар
2022 оны 1 сард 230.5 ам.доллар
Бид төлөвлөсний дагуу 36 сая тонн нүүрс гадагш худалдсан бол дэлхийн зах зээлд үнэ өссөн боломж илүү ашиг өгөх байсан. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний үнэ 400 ам.доллар даваад байна. Хэрэв Монгол Улс тээврийн дэд бүтцээ шийдсэн бол өнөөдөр газрын баялаг, нөөцийн хувь хишгийг бүрэн хүртээд суух байв.
Хэрэв төмөр зам 2017 онд ашиглалтад орсон бол 5 сая тн, 2018 онд 10 сая тн, 2019 онд 15 сая тн, 2020 онд 22 сая тн, 2021 онд 22 сая тн нүүрсийг тус тус нэмж борлуулснаар $7.7 тэрбумыг олох боломжийг алдсан тухай салбар яамны зүгээс судалгаа гаргажээ.
Харин Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал шинэ хүлээлт бий болгоод байна. Монгол, Хятадын хилийн боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл, Тавантолгойн ачилтын төв, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих байгууламж, хилийн боомтуудын өргөтгөл шинэчлэлийн ажил урагшлах боломж бүрдээд байгаа юм.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичгийн хүрээнд Төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж байгаа зургаан багц асуудлыг шийдвэрлэх зорилт тавьсан. Энэхүү багц асуудлын нэгдүгээрт “Боомтын сэргэлт” арга хэмжээ тусгагдсан бөгөөд УУХҮЯ, Сангийн яамнаас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Сэтгэгдэл бичих