Дизель түлшний үнийг 2018 онд чөлөөлөх шийдвэр гарснаар дэлхийн зах зээлд бүтээгдэхүүний ханш өсөж буурах жишгийн дагуу үнийг тогтоож байв. Харин өчигдөр шатахуун түгээх станцуудад Дизель түлш болон АИ95 автобензиний үнэ өссөн нь Сингапурын зах зээл дэх ханшийн хэлбэлзлээс үүдсэн шийдвэр байсныг импортлогч компаниудын зүгээс тайлбарлаж байна. Өчигдрөөс эхлэн нэг литрийг нь 3130 төгрөгөөр борлуулж байсан Дизль түлшний үнэ 3380 төгрөг болж нэмэгдсэн бол АИ95 автобензиний үнэ 3070 төгрөгөөс 3270 төгрөг болж, 200 төгрөгөөр өссөн.
Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийн энэ үед Дизель түлшний үнэ нэмэгдэж байгаад Засгийн газраас анхаарал хандуулж, өнөөдөр дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг тэглэх шийдвэр гаргалаа. Дизель түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл ийм арга хэмжээ авах болж байгаа аж.
АИ92 автобензиний хувьд, 2021 оны 11 дүгээр сард аажмаар зах зээлийн горимд шилжүүлж, үнэ чөлөөлөх шийдвэр гарсан ч, Орос-Украины мөргөлдөөн болон БНХАУ-д дэгдсэн ковидоос шалтгаалж үнийг тогтворжуулах бодлогыг бариад буй.
Сэтгэгдэл бичих