Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас импортолдог. Энэ утгаараа дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсвөл дагаж нэмэгдэнэ, буурвал хасагдах жишгээр үйлчлэх учиртай. Орос-Украины дайны улмаас өнөөдөр шатахууны үнэ өссөөр брэнт маркийн газрын тос баррель нь 110 ам.долларт хүрчээ. Хэрэв Сингапурын бирж дээрх 4 сарын гэрээний үнийн өртгөөр тооцвол манай улс өргөн хэрэглээний АИ-92 автобензинийг 3330 төгрөгөөр борлуулахаар байгаа юм. Гэвч өнөөдөр АИ92 автобензинийг литр тутмаас 940 төгрөгийн хямдралтай үнээр буюу 2390 төгрөгөөр худалдаалж байгаа нь Гаалийн албан татвар болон Онцгой албан татварыг тэглэсэнтэй холбоотой. Манай улсын хувьд өргөн хэрэглээний АИ92 автобензиний үнэ өсөх нь бусад бараа бүтээгдэхүүний ханш нэмэгдэх шалтгаан болдог учир Засгийн газраас АИ92 автобензиний татварыг ТЭГЛЭХ шийдвэр гаргасан гэдгийг УУХҮЯ-наас мэдээллээ. Мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон гуравдугаар сард “Роснефть” компанитай хэлцэл хийсний үр дүнд АИ-92 автобензиний үнэ тонн тутамд 1110 ам.доллараас буурч, манай улс тонныг нь 840 ам.доллараар худалдан авч, импортолж байгаа. Тиймээс Онцгой албан татвар болон Гаалийн албан татварыг тэглээгүй бол, мөн Роснефть компанитай хэлцэл хийхгүйгээр Сингапурын биржийн 4 дүгээр сарын газрын тосны бүтээгдэхүүний үнийн дундаж үнээр борлуулвал өнөөдөр АИ-92 автобензин литр нь 3330 төгрөгт хүрэх байсныг тодотгов. Өнөөдөр Монголд борлуулж буй АИ92 автобензиний ханш болох 2390 төгрөг нь бусад улс орнуудтай харьцуулахад хямд байна. Өөрөөр хэлбэл, газрын тос боловсруулах үйлдвэртэй улс орнууд манайхаас арай хямд үнэтэй шатахуун хэрэглэж буйг дараах судалгаанаас харж болно.
Түүнчлэн Засгийн газраас дизелийн түлшний онцгой албан татварыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тэглэсэн. 4 дүгээр сард дизель түлшний үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд хэрэв ОАТ-ыг тэглэхгүйгээр Сингапурын бирж дэх үнээр борлуулсан бол мөн л 3714 төгрөгт хүрэх байв. Харин Дизель түлшний Онцгой албан татварыг тэглэснээр литр тутамд 235 төгрөгийн өсөлтөөс сэргийлсэн бөгөөд 4 дүгээр сарын байдлаар нэг литр дизель түлшийг 3380 төгрөгөөр борлуулж байна. Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед Дизель түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах бодлогын хүрэээнд ийм арга хэмжээ авчээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өнгөрсөн 7 хоногт ОХУ-д ажиллах үеэрээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Алексей Владимирович Груздевтэй уулзаж, манай уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирсон байна. Ингэснээр “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх хүрээнд алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Манай улс энэ онд 24 тонн алт олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн уулзалтын үеэр ОХУ-аас Монголд нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж болон түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцсон бөгөөд манай талаас дэвшүүлсэн тодорхой саналуудыг “Роснефть” компани судалж, ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгджээ.
Сэтгэгдэл бичих