PDAC олон улсын чуулга уулзалт 1932 онд анх удаа зохион байгуулагдаж, өдгөө 90 дэх жилдээ тив тивийн хөрөнгө оруулагчид, хайгуулчид, олборлогчид, уул уурхайн салбарын улс орны төрийн байгууллагууд, мэргэжилтнүүдийг холбосон дэлхийн хамгийн том арга хэмжээ болон өргөжиж, Канадын Торонто хотноо үргэлжилж байна.
Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганы хүрээнд “MONGOLIA@PDAC 2022” бизнес форумыг өндөр түвшинд зохион байгуулав. Энэхүү арга хэмжээг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хөрөнгө оруулагчдад хандан үг хэлсэн юм. Түүний үгийг тоймлон, онцлох эшлэлийг хүргэж байна.
- Бид зэсийн салбараа цаашид улам бэхжүүлэх, томруулахын зэрэгцээ батарейн түүхий эд, газрын ховор элемент, бусад критикал минералын хайгуулыг дэмжихэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтууд хийж эхэлж байна. Мөн энэ чиглэлийн түүхий эд хэрэглэгч улс орнуудтай засгийн газрын түвшинд хамтран ажиллах алхмуудыг эрэлхийлж байна.
- 2050 онд гэхэд дэлхийн хүн амын 68 орчим хувь нь Ази тивд төвлөрөх судалгаа байна. Үүнийг дагаад Ази тивд батарейн түүхий эд, газрын ховор элемент, бусад критикал минералын эрэлт эрчимтэй нэмэгдэх чиг хандлага байна.
- Цаг уурын өөрчлөлтийг бууруулах талаар дэлхийн улс орнуудын баримталж буй бодлого, ногоон эдийн засгийн шилжилттэй холбогдуулан зарим төрлийн ашигт малтмалын эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа тул энэ чиглэлийн геологи, хайгуулын судалгааг эрчимжүүлж, дэмжлэг үзүүлэх болно.
- Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварт дэд бүтэц томоохон үүрэг гүйцэтгэдэг гэдгийг та бүхэн мэднэ. Томоохон ордуудыг хилийн боомттой холбосон төмөр зам ашиглалтад орно. Цаашид уул уурхайн бүс нутаг дахь цахилгаан станц, ус хангамжийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилтыг бид дэвшүүлсэн.
- Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах нь Засгийн газрын зорилт юм.
- Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, нөөцөөрөө дэлхийд дээгүүрт тооцогдох зэс-алтны “Оюутолгой” төсөл, коксжих нүүрсний “Тавантолгой” төсөл болон олон арван төсөл амжилттай хэрэгжиж дэлхийн шилдэг техник, технологи нэвтэрч байна. Үүний дүнд манай улс зэс, металлургийн нүүрс, алтны экспортод тулгуурласан, 6 тэрбум долларын жилийн орлого бүхий орчин үеийн уул уурхайн хатуу, зөөлөн дэд бүтцийг бий болгож амжсан байна.
- Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс салбарын хөгжлийг “Хайгуул-Олборлолт-Боловсруулалт-Борлуулалт-Хуваарилалт” гэсэн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд манай яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг хуулиудын төслийг боловсруулаад байна. Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн төслүүдийг илүү амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн болон хөрөнгө оруулагчдын өөр хоорондын харилцаа сайжрах, нийгэм, эдийн засагт оруулах өгөөж нэмэгдэх, байгалийн баялгийн иргэнд бүрт тэгш шударга хүртээх, тодорхой хэсгийг баялгийн санд төвлөрүүлж, хуримтлал үүсгэх боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл бичих