Сангийн сайд Б.Жавхлан Кью Эс Си компанийн өрийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Кью Эс Си” ХХК-ийн 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдсөнийг онцоллоо.
Сангийн сайд Б.Жавхлан “Эхний хагас жилийн байдлаар Хөгжлийн банкны 485 тэрбумын чанаргүй зээлийг бэлэн мөнгөөр төлөгдсөн байна.”Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан “Кью Эс Си” ХХК-ийн 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдлөө. Хөгжлийн банкинд алдагдлын сан байгуулж өөрийн хөрөнгөөр буурах байсан эрсдэл нь бүрэн хаагдсан гэсэн үг.
Үүний үр дүнд олон улсын байгууллагаас Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн. Энэ нь 2023 оны есдүгээр сард төлөгдөх ёстой Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх Засгийн газрын баталгаатай Самурай бондын эрсдэлээс гарахад нөлөөлнө.
Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл буурахгүй гарснаар балансаа дахин сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх боломжууд бүрдэж байна. Ингэснээр дараа жилийн есдүгээр сард төлөгдөх Евро бондны гадаад хөрөнгийн зах зээл дээр зохицуулалт хийх боломж бүрдэнэ. Самурай бондод өнөөдрийн иен, төгрөгийн ханшаар 720 гаруй тэрбум төгрөг төлөгдөнө. Засгийн газрын баталгаатай учраас хөгжлийн банкны чанаргүй зээлийг аль болох бүрэн төлүүлнэ. Бид энэ зорилго руу ойртож байна. Самурай бондыг худалдаж авсан бонд эзэмшиж буй хөрөнгө оруулагч нарт бид Хөгжлийн банкны өрийн асуудлаар хандсан.
Ингэхэд бидний тавьсан саналын дагуу манайхыг буцаан дуудах нэг ч хөрөнгө оруулагч гарч ирээгүй. Энэ нь Монгол Улсын өрийн бичигт гадаад хөрөнгө оруулагчид маш итгэлтэй байна гэдгийг харуулж байна.
Хөгжлийн банкны 720 тэрбум өрөөс 500 гаруй тэрбум нь төлөгдсөн. Үлдсэн жил хагасын хугацаанд Самурай бондын эрсдэлийг бид бүрэн хаана. Татвар төлөгчдийн нуруун дээр санхүүгийн дарамт төсвөөр дамжиж ирэхгүй. 2018 онд УИХ-аас Засгийн газарт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой төлбөр тооцоог цаад талтай хэлцэл хийх журмаар харилцан суутгах үүрэг өгсөн. 2018 оноос хойш үе, үеийн Сангийн сайд нар энэ ажлын хэсгийг ахалж ажилласан. Миний бие 2021 оны нэгдүгээр сараас хойш ахалж байна. 49 хувийг оросын талаас анх худалдаж авсан Монголиан Корпер Корперейшн” компанийн нөхдүүдтэй хэд хэдэн удаа хэлэлцэр хийсэн. Архивын материалуудтай танилцаж холбогдох этгээдүүдийн хоорондын хамаарлыг нотлох баримт, материал цуглуулсны үндсэн дээр хэлцэл амжилттай болсон. 2021 оны хоёрдугаар сард цаад компаниас хоёр талаас хэлцэл хийсэн гэж үзээд 2018 онд анх гарсан харилцан суутгаж эхлэх хүсэлт ирүүлсэн.
Үүнийг Засгийн газар хэлэлцэн судлаад, эхнээс нь шат дараатай хэсэгчилж харилцан суутгах замаар төлбөрийг барагдуулахаар шийдсэн. Өнгөрсөн Лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар Монголбанкнаас өмнө нь гарсан 160 тэрбумыг Засгийн газар буцаан дуудаж харилцан суутгал хийснээр 1.1 их наяд төгрөгөөс эхний ээлжид 160 тэрбумыг төлж барагдуулсан гэсэн үг. Ингэснээр мөн хэмжээний хувьцаа Монгол Улс, Засгийн газрын мэдэлд ирсэн нь дахин баталгаажиж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл бичих