Оросын НТВ телевизийн “ДНК” нэвтрүүлэг нь амьдралын эрхээр холдож хөндийрсөн төрөл садан, дотны хүмүүсийг уулзуулж, гэнэтийн учрал бэлэглэдэг алдартай шоу ярилцлага юм. Өмнө нь Mapple.mn-ийн зүгээс шоронд төрүүлсэн охинтойгоо 26 жилийн дараа уулзсан эх хүний түүхийг хөрвүүлэн хүргэсэн бол энэ удаа төрсөн ах дүүгээ таньж мэдэхгүй өссөн бүсгүйн тухай орчуулан нийтэлж байна.
ДНК шоунд хандсан Наталья Кораблёва хэмээх бүсгүй 6 настайдаа хүүхдийн асрамжийн газарт хүргэгдэж, төрсөн дүү Нинагаасаа холбоо тасарчээ. Наталья Асрамжийн газарт өссөн шалтгаан нь архинд донтсон эцэг эх нь ад шоо үзэж, хүчирхийлэл дарамтанд амьдарч байснаас үүдсэн аж. Архины хамааралтай эх нь гэрээ орхиж олон хоног эзгүй болох үед хойт эцэг нь 6-хан настай бяцхан охиныг ээжийгээ олж ирэхийг шаардан хөөж туух нь олон байв. Мөн архи халаасалсан найз нөхдийг нь ирэх бүрт айж эмээсэн бяцхан охин нохойныхоо үүрэнд толгой хорогдох нь олонтаа. Архичин гэр бүлийн хүндхэн амьдралыг мэддэг хөршүүд нь охидод талх цай өгч, хааяа халамжлах ч эцэг эхийнх нь хайрыг яаж орлох билээ.. Дарамт зодуурт тэсгэл алдсан Наташа нэг л өдөр гэрээсээ зугтан таньдаг айлындаа зорьж очжээ. Цоорсон гутал, навсгар хувцастай, халтайсан охин тэднийд өргүүлэхийг хүсч, халамжиндаа авахыг гуйхад аав ээжийнх нь найзууд зөвшөөрч, ам бүлдээ багтаасан байна. Тэд ажилсаг нямбай гэр бүл байсан учир Наташаг ажил хөдөлмөрт сургаж, тэрбээр амсхийх завгүй ажилласаар өдрийг барна. Дулаан гэрт, халуун хоолтой, тохилог амьдарч байсан ч, харамсалтай нь гэрийн эзэн зүрхний шигдээсээр өнгөрснөөр Наташа буцаад гэртээ харих болов. Ингээд бяцхан охин хар дарсан мэт архидалт, хэрүүлээр тасардаггүй гэр бүлдээ эргэж очсон ч, хойт эцгийн зодуур нүдүүрээс болж цагдаа руу хүргэгдэн, улмаар эмнэлэгт хэвтэх болжээ. Амьдралд нурж цөхөрсөн бяцхан охин дахин гэртээ очихгүйн тулд зугтах бүхий л аргыг хайн, эцэст нь 15 настайдаа өөрийн хүсэлтээр асрамжийн газарт очжээ. Асрамжийн төвд сайхан сэтгэлт нэгэн угтан авч, улмаар багш нь Наташаг үрчлэн авснаар азгүй гэмээр хувь заяа нь төгсөж, бусад хүүхдийн адил эрүүл орчинд амьдарч, сурч эхэлсэн байна.
Наташа 4 настай дүүтэйгээ ойр дотно өссөн бөгөөд ээжээсээ илүү дүүгээ санаж, санаа тавьдаг байжээ. Тиймээс ч багшийндаа үрчлүүлснийхээ дараа дүүгээ эргэж, хамтдаа амьдрахыг хүссэн ч Нина татгалзсан байна. Нина Наташаг гэрээсээ явсны дараа мөн л асрамжийн газарт хүргэгдсэн аж. Энэ цагаас хойш бяцхан охид холбоо тасарч, дахин уулзаж чадаагүй байна.
Улсын бүртгэлийн газраас нэгнээ олсон бяцхан охид
Эцэг эхгүй, асрамжлах гэр бүлгүй хүүхдүүдийг тухайн үед ОХУ-аас орон сууц, байраар хангадаг байв. Наташа насанд хүрч орон сууцтай болохоор бүртгэлийн газарт иртэл тухайн байгууллагын ажилтан түүнд ижил овогтой бүсгүй хандсан болохыг мэдсэнээр тэд хоорондоо холбогдож, уулзав. Ийнхүү эцэг эхийн алдаанаас болж хагацсан бяцхан охид олон жилийн дараа таарч, элгээ дэвтээн уулзсанаас хойш өнөөдрийг хүртэл ойр дотно, холбоотой амьдарч байгаа аж. Дүү Нинаг нь хожим халамжит сайн гэр бүл үрчилж авснаар боловсрол мэдлэг, бүхий л талаар тэгш өсөх аз тохиосон байна. Харин тэдний төрсөн ээж 2001 онд нас барж, Наташагийн хойт эцэг, Нинагийн төрсөн аав шоронд орсон аж.
Гэвч бяцхан охид төрсөн нэг эгч, хоёр ахтай гэдгээ мэдээгүй өдийг хүрчээ. Харин ах, эгч нь дүү нараа хайж “ДНК” нэвтрүүлэгт хандсанаар тэд гэр бүлээ олцгоосон байна.
Төрүүлсэн үрсээ хаяж, архинд донтсон ээж нь хэдийгээр нас барсан ч, тэд эхийгээ уучлахгүй гэдгээ хэлж, төөрөлдсөн хувь заяаны буруутан нь тэдний эх байсныг нэвтрүүлгийн үеэр хуучилж байлаа.
Сэтгэгдэл бичих