МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тодотгол, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төсвийн тодотгол өргөн бариад УИХ хэлэлцэх эсэхийг шийдэж, анхны хэлэлцүүлэг хийсэн. Төсвийг дагасан гурван асуудал бий. Нэгдүгээрт, 2023 оны төсөвт тодотгол хийж байна. Хоёрдугаарт, 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орж байна. Гуравдугаарт, төсвийг дагалдуулан долоон хууль, хоёр тогтоомжид өөрчлөлт орж байна. Үүнийг бүлэг хэлэлцээд төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл, дагалдах хуулийн төслийг энэ долоо хоногт дуусгах шийдвэр гарсан. Засгийн газраас өргөн барьснаар ирэх долдугаар сарын 1-нээс цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн учраас энэ долоо хоногт багтааж төсвийн тодотгол түүнийг дагасан асуудлыг бүрэн эцэслэх нь зүйтэй гэж шийдсэн” гэв.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх үед нэг хүйсийн байх хэмжээ 40-өөс доошгүй байна гэдэг санал дэмжигдсэн байна. Үүнтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцсэн. Ер нь МАН хүйсийн тэгш байдлыг дэмжиж байгаа. Одоо мөрдөж байгаа хуульд 20 хувь гэж заасан бол өргөн барьсан хуулийн төсөлд 30 хувь байхаар яригдаж байгаа аж.
Сэтгэгдэл бичих