УИХ-ын чуулганы хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголыг баталлаа. Хөдөлмөр нийгмийн хамгаалал болон Сангийн сайд нар мэдээлэл хийв.
Энэ удаагийн төсвийн тодотголоор өмнө нь орхигдсон, тулгамдсан асуудлыг шийдэж тусгасан гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Тэрбээр “2023 оны төсвийн тодотгол нэг их наяд 896 тэрбум төгрөгөөр батлагдлаа. Ингэснээр Монгол Улсын 2023 оны төсвийн үндсэн тэнцэл 23 их наяд болж байна. Цалин, тэтгэвэр, зорилтот тэтгэмж, хүүхдийн мөнгө, нийслэлийн түгжрэлийг бууруулах 21 төслийг үргэлжлүүлэн дуусгах төсвийг шийдсэн тодотгол боллоо” гэв.
Өнгөрсөн жилээс хойш авч хэрэгжүүлсэн богино хугацаанд экспорт, төсвийн тэнцлийн алдагдлаас гарах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, 2022 оны төсвийн алдагдлыг бууруулах шат дараалсан арга хэмжээнүүдийг авсны үр дүнд бий болсон тодотгол гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд онцолсон.
2022 оны төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг гарах байсан бол 980 тэрбум болж 1.5 их наяд төгрөгөөр буурсан. Энэ жил 650 сая ам.долларын гадаад өрийг төлж барагдуулсан бөгөөд 9, 12 дугаар сард Хөгжлийн Банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй хоёр том бондын нэгийг одоогоор төлж барагдуулахад бэлэн болсныг мэдэгдлээ. Евро бондын 500 сая доллароос 390 сая долларыг төлсөн. Үлдсэн хугацаанд өрийг барагдуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж буйг Засгийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих