Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болжээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50% нь зудын өндөр эрсдэлтэй, 9% нь нэн өндөр, 45% өндөр, 36% дунд зэргийн эрсдэлтэй байх бол 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарсныг танилцуулсан байна.
“Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, орсон цас хайлж эхэлж байгаа ч арваннэгдүгээр сарын 22-ноос эрс хүйтрэх тул газрын өнгөн хэсэгт мөсөн бүрхүүл тогтох эрсдэл үүсэж болзошгүй байна.
Ирэх арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орох бөгөөд нийт нутгийн 48.5% бэлчээрийн даац хэт давсан нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа”-г холбогдох байгууллагаас анхааруулав.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл 85%, өвс, тэжээлийн нөөц бэлтгэл, татан авалт 78%-тай байгаа аж.
Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул малчид, иргэдэд мэдээллийг сайтар хүргэж, аймаг, сумдад отор нүүдэл хийх шаардлагатай байгаа айл, өрхүүдийн судалгааг гаргах, тодорхой хуваарь, зохицуулалтын дагуу орон нутгуудтай хамтран, хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан салбарын яаманд даалгасан байна.
Түүнчлэн малчдыг малын махаа дундын дамжлагагүй, зах зээлийн үнээр худалдан борлуулах боломжоор хангаж, Улаанбаатарт “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулахдаа эрүүл ахуйн дүрмийг мөрдөх хэрэгтэйг хэлжээ.
Сэтгэгдэл бичих