Сэтгүүлч Н.Өнөрцэцэг цагдан хоригдоод 10 хонож байна. Тэрбээр өлсгөлөн зарлаж, үүний улмаас бие нь муудаж байгаа талаар өмгөөлөгч Б.Хонгорзул мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ ШШГЕГ-ын дарга О.Амарсанаад хүсэлт хүргүүлжээ.
Хүсэлтэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэхийг шаардаж, мөн МСНЭ-ийн төлөөлөл сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй яаралтай уулзах хүсэлтэй байгаагаа уламжилжээ.
Өмгөөлөгч Б.Хонгорзул сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар мэдээлэл хийхдээ “Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч, халдашгүй чөлөөтэй байх, харгис хэрцгий хүнлэг бус хандахгүй байх заалтуудыг зөрчиж байна. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгч унтаж чадахгүй байна. Нэгд, өлсгөлөн зарласан биеийн байдал хүндэрч буй үед нь шөнө унтуулахгүй нүүрэнд нь тод цагаан гэрэл тусгадаг. Хоёрт, сэтгүүлч Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны асуудлаар шүгэл үлээсэн. Гэтэл тус хэрэгт холбогдон хоригдсон этгээдүүдтэй байнга тааруулж, сэтгэл зүйгээр нь дарамталж байна. Гуравт, өлсгөлөн зарлаад байгаа ч хоригдсон 10 хоногийнхоо туршид хоол бараг идээгүй. Тэгэхээр энэ өлсгөлөн гурав хоногоор зогсоогүй. Дөрөвт, эмэгтэй хүнийг чийгтэй нойтон нөхцөлд байлгаж байна” гэв. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдүүлэх тухай хуульд заасан хувийн баталгаа гаргуулах, тодорхой хязгаарлалт тогтоох, бага насны хүүхэдтэйг харгалзах, гэрт нь байлгах, эрх чөлөөг нь хязгаарлахгүй байх зэрэг бусад хязгаарлалтуудыг авах бүрэн боломжтой ч, өмнөх хурлаар өөрчлүүлэх хүсэлтийг авахаас татгалзаж шийдвэрлэсэн гэлээ.
Сэтгэгдэл бичих