АИ-95 бензин 300 төгрөгөөр нэмэгдэж, 3910 төгрөг болсон байна. Харин 3440 төгрөг байсан дизель түлш 3740 төгрөг болж өсжээ. Шалтгаан нь манай улс үйлдвэрлэгч биш, импортлогч орон учир дэлхийн зах зээлийн жишгээр ийнхүү нэмэгдэж байгааг импортлогч компаниудын зүгээс мэдээлж байна. Харин АИ-92 автобензиний үнэ өсөөгүй байна.
Монгол Улсын хувьд, сард дунджаар 4000 тонн АИ-95 автобензин хэрэглэдэг. Энэ нь өргөн хэрэглээний АИ-92 автобензинтэй харьцуулахад 10 дахин бага бөгөөд АИ-95 төрөл нь манай улсын шатахууны нийт хэрэглээний 6 хүрэхгүй хувийг эзэлдэг байна.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотойгоор бусад улс орнуудад автобензиний ханш чангарсаар байна. Тухайлбал, дэлхий даяар шатахууны үнэ дунджаар 1 литр нь 4460 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ сарын 06-ны өдрийн байдлаар АНУ-д 1 литр автобензин 4220 төгрөгт хүрч рекорд тогтоосон бол Европын орнуудад 6240-8740 төгрөг, Гонгконгд хамгийн өндөр буюу 9240 төгрөгийн ханштай байна.
Өнөөдрийн хувьд, өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнэ өсөөгүй нь Засгийн газраас Гаалийн онцгой албан татварыг тэглэсэнтэй холбоотой.
Сэтгэгдэл бичих