УИХ-д Монгол Улсын 2023 оны төсвийг өргөн барихад гадаад өрийн байдал хүнд, тодорхойгүй зүйлүүд их байсан. Гадаад худалдааны алдагдлыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсны хүчинд Засгийн газрын өрийн зохицуулалтад эерэг үр дүн гарч, дефолт болох эрсдлээс бүрэн ангижирсныг Сангийн сайд С.Жавхлан мэдэгдсэн.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд 2012 онд олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон Чингис бондын үлдэгдэл болох 136 сая ам.долларыг төлж барагдуулсан бол ирэх тавдугаар сарын 1-нд төлж барагдуулах ёстой Гэрэгэ бондын 368.7 сая ам.долларыг бүрэн барагдуулах бэлтгэлээ хангаасан гэв.
Нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд валютын бүрэн нөөцтэй болж чадсан. Өөрөөр хэлбэл, Гэрэгэ бондыг төлснөөр төв банкны валютын нөөцөд сөрөг дарамт авчрахгүй байх менежментийг амжилттай хийж чадлаа.
Нийт дүнгээрээ Засгийн газар нэг тэрбум 650 сая ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийсэн гэлээ. Мөн 487 сая ам.долларыг богино хугацаанд арилжааны зориулалтаар авсан байсан бондын өрийг энэ хэрээр амжилттай бууруулж чаджээ.
Гадаад өрийн нөхцөл байдал Covid-19 цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас болж, хүнд туссан, сорилтын жил боллоо. Өнгөрсөн доло хоногт ОУВС -гийн хуралд оролцож байхад дэлхийн 72 улс гадаад өрийн хүндрэлээс болж ОУВС -гийн тусгай нөхцөлтэй хөтөлбөрт орж ажиллаж байна. Манай улс өнгөрсөн оны III улиралд 73 дахь улс болж, ОУВС-гийн хөтөлбөрт орох нөхцөл бүрдээд байсан ч Засгийн газрын шийдвэртэй алхмын үр дүнд бие дааж, хүндрэлээ даван туулах, эдийн засгаа тогтворжуулах, дунд хугацааны өсөлтөө хангах боломжийг өөрсдөө бүрдүүлж чаджээ.
Сэтгэгдэл бичих