Засгийн газрын 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Онцгой дэглэмийн хугацааны ажлын тайланг хэлэлцсэн. Энэ үеэр Засгийн газраас томилогдсон компанийн Бүрэн эрхт төлөөлөгчийн хийж хэрэгжүүлсэн ажлыг сонссон бөгөөд өнгөрсөн зургаан сарын хугацаанд эдийн засагт оруулсан хувь нэмэр, үр дүнг өндөр үнэлж буйгаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн билээ. Ингэхдээ, цаашид олон улсын жишигт нийцсэн удирдлага, гүйцэтгэх засаглалын бүтцийг нь шинэ түвшинд гаргах нэн шаардлагатай байна гэж үзээд хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 26-нд БЭТ-ийг дахин томилж ажиллуулах нь зөв хэмээн шийдвэрлэснийг танилцуулсан. Сар орчмын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг Дотоод хяналт шалгалт, аудитын газрын дарга түр орлон гүйцэтгэж буй.
Тэгвэл өнөөдрөөс БЭТ-ийг дахин томилох асуудал яригдах учиртай. Энэ долоо хоногт Эрдэнэс Тавантолгой ХК-д БЭТ томилох асуудлыг Засгийн газрын тогтоолын төсөлд үндэслэн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хэлэлцэн дүгнэж, УИХ-д өргөн мэдүүлснээр УИХ эцэслэн шийдвэрлэнэ.
Эрдэнэс Тавантолгой ХК нэг жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын ҮР ДҮН
- “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн нэг жилийн хугацаанд 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нүүрс борлуулж, 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Энэ үзүүлэлт нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого, борлуулалтын үзүүлэлт юм.
- Компанид онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлсөн байна.
- Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ биржээр борлуулж, орлогыг нэмэгдүүлснээр гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих