“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон /2023.12.29/ Эдийн засаг, шинжээчдийн клубын сэтгүүлчидтэй уулзаж, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үйлдвэрээс оруулж буй хувь нэмэр, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 39.4 сая тонн хүдэр олборлож, 36.9 сая тонн хүдэр боловсруулж, 4.0 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсноос, 1.0 тэрбум ам.долларыг Монголбанкинд борлуулан, 2.0 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллажээ. Энэхүү үр дүнг ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа худалдсан 2016 онтой харьцуулбал,
- Хүдэр олборлолт 12 хувь
- Хүдэр боловсруулалт 18 хувь
- Борлуулалтын орлого 3.2 дахин
- Улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт 11 дахин тус тус өссөн байна.
100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон 2019 онтой харьцуулбал,
- Хүдэр олборлолт 6 хувь
- Хүдэр боловсруулалт 14 хувь
- Борлуулалтын орлого 1.8 дахин
- Улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт 2 дахин тус тус өссөн үзүүлэлт болж байгааг танилцууллаа. Мөн Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллаж буй 2019-2023 онд өөрийн хөрөнгө, үйл ажиллагааны ашгаар санхүүжүүлсэн 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний, 70 гаруй хувийг үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах, техник, технологийн шинэчлэл, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулсан байна. Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжүүдийн элэгдлийн хувь хэмжээ, сул зогсолт, төлөвлөгдөөгүй засвар үйлчилгээ зэрэг нь тогтмол буурч байгааг онцолсон.
Сэтгүүлчдийн зүгээс Уул уурхайн баяжуулах үйлдвэрийн технологийн процесст хэрэглэдэг шохойны нөөц, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар зэсийг арилжаалах боломж, Шатахуун түлшний хомсдол Эрдэнэтийн үйлдвэрлэлийн үйл явцад нөлөөлсөн эсэх, удирдлагуудын цалин хангамж гээд бүхий л сэдвээр ярилцаж, мэдээлэл авсан.
Уулзалтын төгсгөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд Уул уурхай, эдийн засгийн сэтгүүлч Г.Идэрхангай өөрийн эрхлэн редакторлаж гаргасан Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо-MMPA-тай хамтран гаргасан “Зуун дамжсан монгол баяжуулагчид” цуврал номын нэгдүгээр бүтээл, Монголросцветмет ТӨҮГ үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан гаргасан Эрдэс Баялгийн Тойм сэтгүүлийн дугаартай хамт өргөн барьж баяр хүргэлээ. Сэтгүүлч Г.Идэрхангай “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байгаа манай салбарын мэргэжлийн хүн бол Г.Ёндон. Энэхүү номонд орсон ярилцлага, бүтээлүүдийг сүүлийн хэдэн жилийн турш бэлтгэж, олон сайхан баяжуулагчидтай уулзаж ярилцлаа. Номонд багтсан баяжуулагчдын нэлээд хэсгийг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан, өдгөө ажиллаж байгаа баяжуулагчдын хөрөг ярилцлагууд эзэлж байна” гэв. Мөн энэ онд 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Монголросцветмет ТӨҮГ-т олон жил ажиллаж, Орлогч захирлын албыг хашсан маркшейдер. Энэ утгаараа ойн дугаар бүхий сэтгүүл маань бэлгэ дэмбэрэлтэй санагдаж Танд өргөн барьж байна гэв.
Сэтгэгдэл бичих