Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгаж байна. Тус хэрэг өнгөрсөн оны сүүлээр гарсан юм.
Шалгалтаар дээрх хэргийг үйлдсэн иргэн Г, Х, С нар нь бүлэглэн шөнө, оройн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдээс гар утсыг булаах, зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, эмийн сангийн худалдагч нараас гар утсаараа яриулаач хэмээн хуурч мэхлэн гар утсыг нь авч зугтах, мөн тухайн гар утсанд байх хувь хүний мэдээллийг ашиглан банкны мэдээлэлд нь нэвтрэн зээл авч, тухайн мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тоглох, авто машин худалдан авах зэргээр мөнгө угаах гэмт хэргийг давхар үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Иймд иргэн та дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж танихгүй нэгэнд өөрийн гар утсаа ашиглуулахгүй байх, хувийн мэдээллээ цахим орчинд нээлттэй нийтлэх нь энэ төрлийн гэмт хэрэгт хохирч болзошгүй тул анхаарал, болгоомжтой байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих