ЭМГЭНЭЛ
Ныгмет овогтой Даниэль
(1934-2024)
Бидний хайртай аав, өвөө, ах Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Уул
уурхайн салбарын шилдэг инженер, Тэргүүний уурхайчин Ныгмет овогтой Даниэль 2024
оны нэгдүгээр сарын 7-нд өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз тохиолоо.
Н.Даниэль 1934 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт төрсөн. 1957 онд
Нийслэлийн 2-р арван жилийн сургууль, 1963 онд Москва хотын Алт ба өнгөт металын
дээд сургуулийг уулын баяжуулах инженер мэргэжлээр төгссөн.
Ажлын гараагаа Төв аймгийн Их хайрханы Гянт болдын гүнийн уурхайд
фабрикийн инженер, даргаар эхэлж, 1967-1974 онд Түлш–Эрчим хүч, Геологи уул
уурхайн үйлдвэрийн яаманд өнгөт металын ахлах инженерээр ажиллаж байх хугацаанд
Сэлэнгэ аймгийн Толгойтын алтны үйлдвэр, Хажуу-Улаан, Хар айргийн уурхайнуудыг
шинээр барьж байгуулах, Бороо, Наран толгойн алт мөнгөний орд, Эрдэнэтийн орд газрыг
ашиглах техник эдийн засгийн тооцоо судалгааг хийж, “Монголросцветмет” нэгдлийг
байгуулах зэрэг онцгой ач холбогдолтой томоохон асуудлуудыг шийдвэрлэн зохицуулах,
удирдан зохион байгуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байв.
Ныгметийн Даниэль Хэнтий аймгийн Бэрхийн хорооны захиргаа ба Бэрх хотын
засаг даргын ажлыг Хайлуур жоншны уурхайн даргын албан тушаалтай хамт 13 жил үр
бүтээлтэй гүйцэтгэх хугацаандаа Бэрхийн уурхайн өргөтгөл шинэчлэлтэй зэрэгцүүлэн
ажиллагсдад зориулж орон сууц, соёл үйлчилгээ, ахуй хангамжийн бүхэл бүтэн
хорооллыг шинээр байгуулсны үр дүнд 2000 гаруй хүнтэй байсан хуучин хороо 5000
гаруй хүнтэй орчин үеийн соёлтой шинэ Бэрх хот болж хүрээгээ тэлсэн билээ. 1963-2003
онд Монголын Уул Уурхайн салбарт үйлдвэр, уурхайн дарга, инженерийн албыг нэр
төртэй хашиж байсан ба 1997 оноос Монголросцветмет нэгдлийн дэргэдэх “Байгаль”
туслах аж ахуйн даргаар ажиллаж байгаад 2003 онд өндөр настны тэтгэвэрт гарсан.
Ныгметийн Даниэль Хэнтий аймгийн Ардын хурлын депутатаар 3 удаа сонгогдож,
Бэрхийн хорооны болон аймгийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулжээ.
Түүний уул уурхайн салбарт 40 жил үр бүтээлтэй, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, улс
нийгмийн хөгжилд жинтэй хувь оруулсныг Монгол Улсын төр, засгаас өндөр үнэлж,
Хөдөлмөрий гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, ойн медалиудаар болон 2013
онд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнасан юм.
Бидний хайртай аав, өвөө, хамгийн эрхэм хүн Ныгметийн Даниэлийн уул уурхайн
салбарт болон бидний төлөө хийсэн эрхэм хүндтэй үйл хэрэг, хөдөлмөрч, хүнлэг зан
чанар, эгэл даруу, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн орших болно.
Үр хүүхэд, төрөл төрөгсөд нь
Сэтгэгдэл бичих