Нийслэлийн нийтийн тээврийн авто баазуудын жолооч нар өнөөдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгаланд шаардлага хүргүүллээ. Шаардлагад, автобусны жолооч нарын өдөр бүр 8 цаг ажиллаж байгаа цалинг бүтнээр нь олгох, мөн НДШ, татварыг суутгаж авсны дараа жолооч нарын гар дээр ирэх цалин нэг сарынх нь 3.5 сая төгрөг байхаар тооцож олгох, гуравдугаарт, хувийн автобус баазууд болон орон нутгийн өмчит баазын жолооч нар тэтгэвэртээ гарах эрх үүсэхэд нэг удаагийн 24 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж бодож олгох гэсэн гурван шаардлага тавьж буй аж.
“Трансбус” ХХК-ийн жолооч Э.БАТ-ОРШИХ хэлэхдээ, “Түгжрэлтэй тэмцэх сайд Б.Дэлгэрсайхан: Хоёрдугаар сарын дундуур автобусны жолооч нарын цалинг 3,5 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр Улаанбаатар хотын захирагчтай ярилцааад тохиролцлоо. Хоёрдугаар сардаа багтаагаад нэмэгдэл цалин өгнө гэсэн, одоог болтол олгоогүй” гэв. Мөн “Бидний сарын цалин 1.7 сая төгрөг. Татвар, шимтгэлээ хасаад гар дээрээ 1.2 сая төгрөгийг хоёр хувааж авдаг. Олон ам бүлтэй, оюутантай жолооч бол хүнд шүү дээ, ийм цалингаар амьдралаа залгуулахад” гэв. Жолооч нарын зүгээс шаардлагын хариуг энэ сарын 29-нд багтаан шийдвэрлэж өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна. Тэмцлийн хэлбэр сонгоно гэлээ.