УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ардчилал эмзэг, сорилтын байдалд орлоо. Ардчиллын анхдагчид, түүчээлэгчид бүгдээрээ тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл гээд 2025, 2026, 2027 оны төсөөллүүдийг гаргадаг. Сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлуудыг харахаар Төсвийн хуультай зөрчилдвөл энэ хуулийг хэрэгсэхгүй үзэж болно гээд нэг хууль баталчихсан байх жишээтэй. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга батыг баримталсангүй. Тэр тусваа Төсвийн тухай хуулийг баримтлахгүй ажиллачихаад одоо цар тахал, газар, ногоон автобус гэх мэт сонсголыг хийхгүйгээр УИХ завсарлах гэж байна. Бараг 20 их наядын цар тахлын төсвийн сонсголыг хийсэнгүй. Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй хуулиудыг олноор хэлэлцэж, баталлаа. Эрх баригчид яагаад цар тахал, газар, ногоон автобусны сонсгол хийж, асуудлыг хэлэлцэхгүй байна вэ. Үндэсний баялгийн сангийн анхдагч хууль болох Ирээдүйн өв санг Ардчилсан намаас санаачлан баталж байсан. Ардчилсан нам үргэлж байгалийн баялаг иргэдэд хамаатай байх бодлогыг баримталж ирсэн. Сонгууль л болж байвал Монголын маргааш, улсын төсөв энэ бүгд хамаагүй болсон байна. Коммунист арга барилаар хоршоо байгуулах нь буруу” гэв.
УИХ-ын гишүүн Н.Ганибал “Эрх баригчид мал аж ахуйн салбарыг сүйрүүлэх бодлогыг баримталж байна. Ард түмэн энэ бүхнийг зөвөөр ойлгуулах шаардлага гарч байна. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг МАН-аас УИХ-ын сонгуультай холбогдуулан танилцуулж, хэдэн мянган хүнийг хамруулж байна. Хоршоог сүүлийн 34 жилийн хугацаанд хэрэгжүүлж байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг эдийн засгийн тооцоололгүй, бодит дүгнэлт хийлгүйгээр, бүх нийтээр нь хоршоожуулах ийм аяныг зохион байгуулж байгаагүй ээ. Коммунист арга барилаар хоршоо байгуулах нь маш буруу. Загвар хоршоо өнөөдрийн эдийн засагт ямар ч ашиггүй байгаа юм” гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Отгон чуулганаар олон хуулийг яаралтай горимоор түргэн, түүхий баталлаа. Өнгөрсөн нэг, дөрөвдүгээр сард цалин, тэтгэвэр нэмсэн. Тооцоо судалгаагүй хуулиудаар монгол төгрөг цаас болж байна. Хэд хэдэн хуулийг сайжруулж, батлах ёстой. Ард түмэн их хэрсүү болж, ямар үйлдвэр барьж, иргэдийн амьдралыг дээшлүүлэв гэдгийг асууж байна. Гэтэл эрх баригчид биднийг дахин сонгоод өгөөч ээ гэж гуйж явна. Нөгөө л үлгэрээ яриад явж байна” гэв.
Сэтгэгдэл бичих