Монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд бахархалт өв билээ. Манай улс 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангаж буй юм.
Тэгвэл энэ цаг дор Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор Нийслэлийн Ерөнхий Боловсролын 153 дугаар сургууль, “Хатан ухаан бийрэн бичлэг-ийн ТББ-тай хамтран Бийрэн бичлэгийн анхан шатны сургалтыг энэ сарын 4-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтыг ӨМӨЗӨ-ны Ордос хотын шатрын холбооны тэргүүн, Гавьяат багш, “Хатан ухаан-Соёл жуулчлалын компанийн захирал, төслийг санаачилагч, хэрэгжүүлэгч П.Вандэнбуу удирдан явуулсан юм.
Энэхүү бийрэн бичлэгийн анхан шатны сургалтад Нийслэлийн Ерөнхий Боловсролын 153 дугаар сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 543 сурагч, 48 багш хамрагдлаа.
Монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гарган ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч уриалж буй бөгөөд хүүхэд, багачуудыг монгол бичгээ суралцахад энэхүү сургалт тус дөхөм болно гэдгийг багш нар хэлж байна.
ДЭЛХИЙД ОНДООШИЖ БУЙ БОСОО БИЧГЭЭРЭЭ БАХАРХАХ СЭДЛИЙГ ТӨРҮҮЛСЭН
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 153 дугаар сургуулийн Монгол хэл, бичиг уран зохиолын багш Ч. Нарангэрэл ярихдаа, “Хатан ухаан бийрэн бичлэг-ийн ТББ-тай хамтран “Миний Монгол-2025” бийрэн бичлэгийн технологийн сургалтын төсөл хөтөлбөрийн хүрээнд Бийрэн бичлэгийн анхан шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Дэлхийд ондоошиж буй босоо бичгээрээ бахархах, сурах боломжийг тус сургалт олгож байна. Дээрх төслийн хүрээнд уг сургалт цувралаар явагдах бөгөөд хүүхдүүд ӨМӨЗО-нд очиж соёлын өвтэй танилцах, монгол бичгээ гүнзгийрүүлэн сурах боломжийг бүрдүүлэх юм. 8 хоног үргэлжилсэн эл сургалтаас сурагчид тогтвортой сууж сурахаас эхлээд үндэсний өв соёлоороо бахархах, илүү сайн сурах эрмэлзлийг бий болгосноороо онцлогтой” хэмээн онцлов.
МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН СУРАХУЙН УХААН, АВЬЯАС ЧАДВАР НЬ ГАЙХАМШИГТАЙ
ӨМӨЗӨ-ны Ордос хотын шатрын холбооны тэргүүн, Гавьяат багш П.Вандэнбуу, “Монгол угсаатны өв соёл болох босоо Монгол бичгийг монголчууддаа өвлөн уламжлуулах зорилгоор НЕБ-ын 153 дугаар сургуулийн сурагчид болон багш нарт Бийрэн бичлэгийн анхан шатны сургалтыг явууллаа. Монгол хүүхдүүдийн сурахуйн ухаан, авьяас чадвар нь гайхамшигтай. Тэд маш хурдан сурдагаар онцлогтой юм. Нэг сар бичиж сурдаг арга барилыг 8 хоногт бүрэн эзэмшиж буй нь бахархалтай” хэмээн ярилаа.
ЭХ БИЧГЭЭ СУРАХ ЭРМЭЛЗЛИЙГ БИЙ БОЛГОВ
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 153 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч О.Түвшин “Энэхүү сургалтаар Монгол бичиг үсгээ сурч судлах, цаг заваа зөв өнгөрүүлэх, эх бичгээ сурах эрмэлзлийг бий болгож хүүхдүүдэд үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлж буй нь үнэхээр сайхан санагдаж байна. Ийм сайхан сургалтыг явуулж өгсөн сургуулийнхаа удирдлагууд болон багш нартаа баярлалаа.
ҮСЭГ ЗУРЛАГЫГ ҮСЭН БИЙРЭЭР БИЧИЖ ҮГ ХОЛБОЖ СУРЛАА
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 153 дугаар сургуулийн 7А ангийн сурагч Б.Анударь ярихдаа, “Хатан ухаан бийрэн бичлэгийн сургалтанд суух болсон шалтгаан маань нэг ч гэсэн чадвартай болох Үндэсний бичгээ дээдлэх ухааныг өвлөх байлаа. Энэ хугацаанд үсэг зурлагыг үсэн бийрээр бичиж үсэг холбож үг бүтээж сурсандаа баяртай байна” гэв.
ХЭЛ, БИЧИГ, ӨВ СОЁЛОО ТҮҮЧЭЭЛЭХ НЬ БИДНИЙ ЭРХЭМ ЗҮЙЛ
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 153 дугаар сургуулийн 10А ангийн сурагч Х.Маралжин “Тус сургалтаар Монгол бичгийг бичихдээ хамгийн түрүүнд бийрээ зөв барих, зөв цэгц суухаас эхлэхийг сурлаа. Зөв цэгц суухын тулд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай юм байна. Тиймээс хүүхдүүд бид энэ мэтчилэн маш олон зүйлийг Хатан ухаан бийрэн бичлэгийн сургалтаас олж мэдсэн. Түүнчлэн би монгол хүн хэмээн цээжээ дэлдэхээс илүүтэй хэл, бичиг өв соёлоо түүчээлэн авч явах нь бидний эрхэм зүйл гэдгийг энэхүү сургалтаас ойлгож авлаа” хэмээв.
Ийнхүү сурагчид бийрэн бичлэгээс хэл, бичиг өв соёлоороо бахархаж буйгаа онцлон ярьсан юм. Мөн эцэг эхчүүдийн төлөөлөл Монголын бахархал бол хэл, бичиг өв соёл, үнэт зүйл гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахаас гадна сууж сурах, төвлөрөхөд нь энэхүү сургалт дэм боллоо хэмээн олзуурхан ярьцгааж байлаа.
Сэтгэгдэл бичих