Оюутны нэгдүгээр курсст сурч байсан 1998 оны намар. “Ардчилсан намын мундаг улс төрчийг өчигдөр шөнө алчихсан гэнэ” гэдэг яриа сэтгүүлзүйн ангийн оюутнуудын дунд яригдаж халуун сэдэв болов. Хичээлээ тараад Төв номын сангийн хойхно алхаж явтал Ардчилсан намын байрны гадна олон хүн цугларч, бужигнаж байхад нь яваад ортол С.Зоригийн аллагад эмгэнэл илэрхийлсэн олон түмэн намын байрны ханан дээр гарын үсгээ үлдээж, амь насных нь төлөөсийг шаардацгааж байлаа. Тэр үед бид 20 нас ч хүрээгүй, улс төр гэдгийг ч ойлгохгүй, бүгд л эрх чөлөө, Ардчилсан намыг шүтэж байсан цаг. Тэр оройдоо Үндэсний телевизийн мэдээ үзэж байтал Ц.Элбэгдорж “эмгэнэл” илэрхийлж байгаа бололтой, дэргэдээ баахан хүмүүсийг суулгачихсан инээд алдан яриад суухыг нь хараад ихэд гайхаж билээ.
– Найзыгаа алдчихсан хүн байж яагаад инээгээд байгаа юм бэ гэж ааваасаа асууж байснаа л санаж байна. Түүнээс хойш Ц.Элбэгдоржийн тэр “эмгэнэл” дахин хэвлэлээр нэг ч үзэгдээгүй билээ.
Ц.Элбэгдорж ч тэр цагаас хойш төрийн томоохон албыг ээлж дараалан хашиж, Төрийн тэргүүн, Ерөнхийлөгч болтлоо дэвшиж дээшлэн 8 жил хаан шиг амьдарч, эрх мэдлийг гартаа атгасан ч, С.Зоригийн хэрэг өнөөдрийг болтол илэрсэнгүй, гагцхүү олон өрх айлын амьдралыг самарч, хар ангал руу чирсэн 26 жилийн түүхийг бүтээжээ. Тэр зөвхөн өөрийнхөө хийсэн хэргийг хаацайлахын тулд гэмгүй гэр бүлийг зольж, амьдын тамруу чиржээ.
Ц.Элбэгдорж С.Зоригийн аллагад холбогддог нэрээ цэвэрлэхийн тулд гэмгүй залуусыг зольсон
С.Зоригийн аллагатай Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын нэр байнга яригдаж, холбоо нэр шиг болсон нь үнэн. С.Зоригийг Ерөнхий сайд болохыг нь мэдээд хөнөөчихсөн байх магадлалтай гэх таамаг 20 гаран жил яригдсан ч, энэ хэрэг эцэслэгддэггүй байсан нь улс төрийн захиалгат аллага гэдгийг нь тодоос тод гэрчилдэг.
Иймдээ ч Ц.Элбэгдорж нэрээ цэвэрлэж, ямар нэгэн буруутанг олж ял шийтгэл оноож байж, ард түмэнд нэр цэвэр болж харагдах нь туйлын мөрөөдөл байсан нь мэдээж. Иймийн тулд тэр хүнд гэмт хэрэгтэн, юу ч хийхээс сийхгүй Ц.Амгаланбаатарыг онилж, эрх мэдлээрээ далайлган гэмгүй залуусыг гүжирдэж, шоронд тарчлаах аргыг сэдсэн нь Херогийн баримт дэлгэсэн нэвтрүүлгээс нэвт уншигдаж байна.
Шударга үнэнийг шаарддаг ч, гэрийнхээ хоймрыг дээдэлж, үнэнээс нүүрээ буруулдаг үзэгчид
Ц.Элбэгдорж гэмгүй, мөрөөрөө яваа залуусын амьдралаар хэрхэн тоглож, аллага яргалал үйлдэж байсныг баримтаар, бүр хохирогчдын амнаас, өөрсдийнх нь үгээр ил болголоо. Таныг, биднийг инээж хөхөрч, гэр бүлтэйгээ юуг ч мэдэхгүй суух тэр цаг мөчид Чимгээ, Содномдаржаагийн гэр бүл амьдын тамд унаж, хийгээгүй хэргийнхөө төлөө яллагдаж байж. Харин одоо Чимгээ, Содномдаржаа нар гэр бүл, үр хүүхдээ золин байж, ард түмэнд итгэн байж өмгөөлөгчтэйгээ хамт бүгдийг нуулгүй ярилаа. Үзэхэд нүд дальдчиж, сонсоход бэрх яргалал тамлалыг тэд нус нулимсаа арчин байж, сэтгэлийнхээ зовлонг уудлав.
Хамгийн аймшигтай нь үзэгчдийн зүгээс “Манай гэрийн хойморт алуурчдыг авчирлаа” гэж өнөөх л хувиа хичээсэн, би би гэсэн үзлээр дүгнэж яргалал, тамлалыг өмөөрцгөөв. Бид хэн болоо вэ? Шударга үнэнийг шаардаж, хулгай луйврыг илчлээч ээ гэж ярьж, бичиж, орилох атлаа баримт дэлгэсэн, учирласан, гарц эрэлхийлсэн бүхэнд хувиа хичээж, шударга бус хандсаар л..
Гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатар энэ баримтат нэвтрүүлэгт оролцсоноор Ц.Элбэгдоржийн өнгөрсөн хугацаанд хийсэн хууль бус үйлдлийн бодит гэрч болов. Ц.Элбэгдорж энэ хэргийг хэрхэн завхруулж, мөрөө балласны хамгийн том гэрч нь Ц.Амгаланбаатар байлаа. Гагцхүү нэвтрүүлэгт шоронгийн хаалганы цаана зогсох учиртай ялтанг энгийн өрөөнд суулгасанд зарим үзэгч эгдүүцэв бололтой.
Ц.ЭЛБЭГДОРЖ ХЭРГИЙН ГЭРЧҮҮДИЙН МЭДҮҮЛГИЙГ ЯАГААД ТӨӨРӨЛДҮҮЛЭВ?
Таксинд сууж явахад нэгэн жолоочтой таарч хэлсэн үг нь ой тойнд тод үлджээ. Гэвч үнэн худлыг бүү мэд. Тэр жолооч ярихдаа “Ах нь залуудаа цагдаагийн байгууллагад ажиллаж байлаа. Найз бүсгүй минь Зоригийн хэргийг мөрдөж байгаад нас барсан. Гэнэтхэн л хүнд алуулчихсан даа” гэж хуучилж байв. Энэ л мэт үйл явдлыг өчигдрийн нэвтрүүлгээр цухас дурьданалээ.
Хэрэг үйлдсэн алуурчдын анхны ам зургийг мөрдлөгийн явцад яагаад өөрчлөв, Чимгээ, Содномдаржаа нар энэ хэргийг үйлдсэн алуурчид биш байна гээд харсан гэрчүүд нь мэдэгдээд байхад тэднийг яагаад энэ олон жил тарчлаан хорив? Хэргээ нуун далдах гэсэндээ улангасан дайрсан Ц.Элбэгдоржийн гүтгэлэг Хэрэг хуучирдаггүйн жишгээр өөрийг нь боомилоод эхэллээ.
Ц.Элбэгдорж олон хүний амьдралаар тоглоогүй бол магад энэ хэрэг тэгсгээд замхрах байсан биз. Түүний хязгааргүй эрх мэдлийн төлөөх шунал хэргээ илчлэх дөнгө байсан бололтой.
Одоо болноо Ерөнхийлөгч өө! Tөрийн их мөнгийг ууж идэж гударлаа, энгийн ард иргэдээ амьдын тамд чирлээ, улс төрийн нөхдөө хэргийн ангалд орууллаа. Харин та өөрөө Америкт зугаалж ханалаа, холоос том том ярьж боллоо! С.Зоригийн хэргийг ярихаар уран зураг ярьж займчуулах чинь хөх инээд хүргээд байна. Одоо эх орондоо ирээд зангиагаа зүүгээд, гутлаа тослоод шалгуулчих!
СЭТГҮҮЛЧ ДОРАМИ
Сэтгэгдэл бичих