Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай БНСУ-ын “Пүгён” Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа хариуцсан Орлогч захирал Мён Шин Ха, олон улсын харилцааны мэргэжилтэн Жае Чул Сео нарыг /2024.12.10/ хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалт нь НЗДТГ, ШУТИС, Духуа инженеринг ХК хооронд байгуулсан метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх тухай гурван талт санамж бичгийн хүрээнд болсон бөгөөд “Пугён” Их сургууль нь “2+2 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүсэлт илэрхийлсэн солонгосын хоёр дахь их сургууль болж байна.
Тус сургууль нь БНСУ-ын өмнөд хэсэгт орших метро, хурдны галт тэрэгний систем хөгжсөн Бусан хотод байрладаг, солонгосын үндэсний тэргүүлэх их сургуулиудын нэг гэдгийг ноён Мён Шин Ха уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр “Бусан бол эдийн засаг, соёл, боловсролын төв бөгөөд метро, хурдан галт тэрэгний чиглэлийн төрийн өмчит байгууллагууд байрладаг. Энэ утгаараа Пугён их сургуулийн оюутнууд төрийн өмчит байгууллагуудад дадлага хийж, суралцах боломжтой” хэмээв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Япон, БНСУ, Хятадын бүс нутгууд чийглэг уур амьсгалтай. Харин Монгол Улс далайн түвшнээс 1300 метрийн өндөрт байрладаг учир хуурай агаартай, эрс тэс уур амьсгалтай. Үүнээс улбаатайгаар металлын элэгдэл, машин тоног төхөөрөмжийн тосолгоо үйлчилгээний зарчим өөр байдаг. Тиймээс монголын эрс тэс цаг агаарын нөхцөл байдалтай сургалтын хөтөлбөрийг уялдуулах нь зүйтэй” гэсэн юм.
Мөн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга З.Батдорж “Пүгён” Их сургуулийн төлөөллүүдтэй санал солилцсон. Энэ үеэр тус сургуулийн олон улсын харилцааны мэргэжилтэн Жае Чул Сео “Манай сургууль 7 салбартай бөгөөд инженерийн боловсон хүчин бэлтгэдэг туршлагаар солонгост хэдийнээ танигдсан. Оюутнуудын тав тухтай орчинг бүрдүүлж, чанартай боловсрол олгоход анхаардаг, цаашид тэтгэлгийн шинэ систем нэвтрүүлэх боломжтой” гэв.
Сэтгэгдэл бичих