Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатарын төв хэсэг, Их, Бага тойруу, 40, 50 мянгатад 6 давхраас өндөр барилга бариулахгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр түүний хэлсэн үгийг “хатуу байр суурь” хэмээн онцолсон мэдээлэл хэвлэлийн цахим хуудсаар цацагдаж байна.
Хотын даргын энэхүү “хатуу байр суурь” нь хэрэгжилт, үр дүндээ хэр хатуу байхаас шалтгаалахаас биш, шуурхай хуралдаанд том дуугарч, нийслэлийн удирдлагууддаа дохио өгөх төдийгөөр биелчихдэг ажил биш юм. Тэгээд ч түүний хэлсэн энэ үг хотын төвд огт барилга бариулахгүй гэсэнгүй, харин ч 6 давхар барилга барьж болно хэмээн зарласан нь ЦЕМЕНТЭН ШИРЭНГЭ болсон хотыг бүр л доройтуулсан “хатуу байр суурь” гэлтэй.
Цагтаа “Азийн цагаан дагина” хэмээн нэрлэгддэг байсан Улаанбаатар хот өнөөдөр авто замгүй, агаарлах гудамгүй, амьсгалах орчингүй болсон. Нийслэлийн төвд олгоё гэсэн ч барилга зай завсаргүй чигжиж, барья гэсэн ч газаргүй болтлоо шавсан байтал хотын дарга таны хувьд цементэн ширэнгийг 6 давхруудаар өргөжүүлэх боломж харагдсаар байгаа нь гайхалтай.
Авто замын ачааллаа дийлэхээ больж, явган хүн ч зөрөх боломжгүй шахам чигжсэн Зайсан хорооллоос эхлээд 100 айл, Дөлгөөн нуур орчим битүү саарал болж, өргөжин тэлж буй байршлуудад цементэн ширэнгэ боссоор байна.
Таван жилийн өмнөх хот төлөвлөлт хотын дарга Д.Сумъяабазар тантай хамааралгүй байж болох ч, өнөөдөр өргөжин тэлж буй газруудад чинь өнөөх л төлөвлөлтгүй барилгууд боссоор л байна.
Их хотыг дайнд өртсөн мэт саарал гудамжтай болгох уу, эсвэл ногоон байгууламжаар өнгө нэмсэн цэвэрхэн хот байлгах уу гэдэг эрх мэдэл хийгээд дардас тамга нь Д.Сумъяабазар таны гарт байна.
Сэтгэгдэл бичих