Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-өлгий аймагт ажиллах үеэрээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус аймгийн эдийн засгийг тэлэх, ажлын байрыг дэмжих төслүүдэд иргэдээс санал авсан. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал асуулгад 402 иргэн оролцож, 80 хувь нь дэмжсэн байна. Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болгожээ.
Үүнтэй холбогдуулан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан хуралдаанаар хэлэлцүүлэхийг “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагад үүрэг болгож, Засгийн газар тэмдэглэл гаргасан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг тэмдэглэлийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанд гардуулж өглөө.
Мөн Цагааннуурын боомтыг 24 цагаар ажиллуулах, Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгох, Алтай Таванбогд чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөрөнгө тусгах зэрэг саналыг иргэдийн зүгээс гаргаж, Ерөнхий сайд эдгээр шийдвэрүүдийг албажуулах үүргийг холбогдох сайд нарт даалгалаа.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур суман дахь хайгуулын лицензтэй “Асгат”-ын мөнгө, полиметаллын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, геологи хайгуулын ажил хийх, дэд бүтэц, уулын баяжуулах, боловсруулах, цэвэршүүлэх үйлдвэрийн инженерчлэл, барилгын ажлыг төлөвлөх, ашиглалтад оруулах зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК, АНУ-ын “Commonwealth American Partners” ХХН хооронд хамтын ажиллагаа түншлэлийн санамж бичиг байгуулсан байдаг.
Сэтгэгдэл бичих