Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.
2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь хүчингүй болголоо.
УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор 2015 онд “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж, “Бейзмент” ХХК-д хувьцааны өмчлөгчийн эрхийг олгосон байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээлснээр “Бейзмент” ХХК-д 2010 онд олгосон 61,3 сая ам.долларын зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өр нь 295 тэрбум төгрөг болсон байна.
“Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барснаас хойш өвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан бөгөөд өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрсөн тул эзэнгүй өмчөөр тооцуулан төрийн зохих байгууллагын (Хөгжлийн банк) өмчлөлд шилжүүлэх арга хэмжээ авах замаар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох, улмаар зээлийн эргэн төлөлтийг тус компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээр богино хугацаанд барагдуулах ажлыг зохион байгуулах саналыг Хөгжлийн банк гаргасан байна.
“Бейзмент” ХХК нь ”Хөтөл” ХХК болон нэрээ өөрчилжээ. “Хөтөл” ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тул орлогогүй, их хэмжээний буюу 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтан байхгүй, оршин суух хаяггүй, эзэнгүй болсон байна.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэлэхдээ “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2011 онд концессын гэрээгээр шилжүүлсэн. 2015 онд өртэй нь хамт хувьчилна гэдэг шийдвэр гарч хэрэгжсэн ч, өнөөдөр эзэнгүй шахам үйлдвэр болсон. Хувьчлал явуулахад хууль зөрчсөн байна. Хувьчлалын явцад гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгох санал ирсэн. Энэ дагуу яамдаас санал аваад 2015 онд Засгийн газрын тогтоол гарсан. Хувьчлах компаниудын жагсаалтад орсон. Тэр жагсаалтыг хүчингүй болгох шийдвэр гарч байна. Үүний дараа төрийн өмчийн хороо хуралдаж гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно. Хүчингүй болсны дараа тус компанийн цаашдын хувь заяаг төрийн өмчийн хороо авч үзнэ. Энэ компани өмнө нь 50 орчим сая ам.долларын зээлтэй байсан. Уг зээлийг Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларыг өмнө авсан зээл буюу Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээл, гаднаас авсан зээлд шилжүүлээд дууссан” гэв.
Сэтгэгдэл бичих