Улсын хэмжээнд 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар дунджаар А-80 автобензин 69 хоног, Аи-92 автобензин 44 хоног, дизелийн түлш 31 хоног, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.
Манай улсын ОХУ-аас авч буй импортын бүтээгдэхүүний 75 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлдэг. ОХУ-ын эсрэг дэлхийн томоохон улс гүрнүүдийн авч хэрэгжүүлж буй хориг манай улсад давхар болон дам нөлөөгөөр илэрч байгааг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон. Гэхдээ өнөөдрийн байдлаар шатахууны нийлүүлэлт болон төлбөрт саатал гараагүй, мөн ОХУ-ын талаас Роснефьт компанийн нийлүүлэлтэд ямар ч өөрчлөлт ороогүйг онцоллоо.
ОХУ, Украины хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн өдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойшх хугацаанд манай улсаас 180 орчим сая ам.долларын шатахууны төлбөр ОХУ руу ямар ч саадгүй хийгдсэнийг Монголбанк мэдээлж байна. Түүнчлэн ойрын хугацаанд Төв банкин дахь валютын нөөцөө хамгаалж, экспортыг дэмжих бодлогоо том зургаар нь хүчтэй явуулах ёстойг Засгийн газрын хуралдаанаар ярьжээ.
Сэтгэгдэл бичих