Катодын зэс болон хаягдал зэсийг боловсруулж, жилд 3.0 мянган тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадал бүхий экспортод чиглэсэн үйлдвэрийг “Талын Метал Нунтаг” ХХК ашиглалтад орууллаа. Тус үйлдвэр нь нунтаг зэс, гууль, хүрэл, цагаан тугалга, бусад төмөрлөг зэргийг үйлдвэрлэж, Европын Холбоо, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ зэрэг металл нунтгийн өндөр эрэлт хэрэгцээ бүхий үйлдвэрлэгч орнууд руу экспортлох зорилготой аж. УУХҮ-ийн сайд Г.Ёндон нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Инновацид суурилсан, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор сүүлийн жилүүдэд дэлхийн металл боловсруулах салбарт гарч буй эрчим хүч, металлын хэмнэлт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх цоо шинэ нунтаг металлын технологи Монгол улсад нутагшина. Мөн дотоодын металл боловсруулалтын түвшинг ахиулах, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээ бий болох суурь тавигдаж байна. Цаашлаад тус металл нунтгаар эцсийн бүтээгдэхүүн болох автомашин, сансар, очир эрдэнэсийн багаж, электрон бараа зэрэг төрөл бүрийн хэрэглээнд тохирох онцгой шинж чанар бүхий, өндөр нарийвчлалтай бүтээгдэхүүн, материалыг үйлдвэрлэх, зоос гоёл, цахилгаан, цахим бүтээгдэхүүний эд ангийг 3D хэвлэгчээр болон нунтаг металлургийн аргаар үйлдвэрлэх боломжуудыг бүрдүүлж, илүү өндөр үр ашгийг байгалийн баялгаас хүртэх, аж үйлдвэрийн цоо шинэ салбарын эхлэл болж байна” хэмээсэн юм.
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч: Onlinemedia.mn
Сэтгэгдэл бичих