Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IV аян-Эх орны эрүүл хүнс” уриатайгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөр эхэллээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан зөвлөгөөнийг нээж, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудал, сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д газар тариалангийн салбарыг онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж байна” гэдгийг онцоллоо. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулж санхүүгийн хувьд бие даасан, тогтвортой үйл ажиллагаа явуулах, тариаланчдад үзүүлдэг дэмжлэгийг технологийн хугацаанд харилцан ашигтай хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулах, үйл ажиллагааных нь чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж төрийн өмчит “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-ийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхээр ажиллаж байна гэв.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 100.0 тэрбум, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, хүлэмжийн тариалан, хадгалалт, борлуулалтын аж ахуй эрхлэгчдэд 50.0 тэрбум, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40.0 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэсэн гэлээ.
Сэтгэгдэл бичих