Өргөн хэрэглээний АИ-92 автобензин тасарсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Харин энэ тухай Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад “Долоо хоног тутамд хоёр удаа шатахууны нөөцийн мэдээллийг импортлогчдоос авч нэгтгэн хүргэж байна. АИ-92 нөөц багассан асуудал байхгүй. Бүх газар хэвийн олгож байгаа. Өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээний вагонууд төмөр зам дээр гаалийн бүрдүүлэлтээс шалтгаалж бөөгнөрсөн. Түүнээс нөөцийн үлдэгдлийн хувьд асуудалгүй, хэвийн байгаа. Манайд нийт 60-60 аж ахуй нэгж нөөцийн мэдээлэл ирүүлдэг. Үүнээс 47 нь шатахууны нөөц бүрдүүлэх бүртгэлтэй. Тэдгээр аж ахуй нэгжүүдээс нөөц хомсодсон асуудал байхгүй” гэв.
ИМПОРТЛОГЧИД: АИ-92 автобензинийг хэвийн олгож байна
Шатахуун импортлогч “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг компанитай холбогдож нөөцийн мэдээллийг авахад “Нөөцөд тасалдал үүсээгүй. Төвийн болон ачаалал ихтэй салбарт түгээлтээс шалтгаалж бензин эрт дуусах тохиолдол гарч байна. Өнөөдрийн байдлаар бүх шатахуун түгээх станц АИ-92 хэвийн, хязгаарлалтгүй олгож байна” гэв.
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГУРАВДУГААР САРЫН 28-НЫ БАЙДЛААР ХҮРГЭЖ БАЙНА
Улсын хэмжээнд 2023 оны гуравдугаар сарын 28-ны байдлаар нийт 108,391 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 5,691 тн, АИ-92 автобензин 24,413 тн, АИ-95 автобензин 4,430 тн, Дизель түлш 71,854 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 34 хоног, АИ-92 автобензин 20 хоног, АИ-95 автобензин 33 хоног, Дизель түлш 29 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна. Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 14,249 тн, Хангайн бүс 5,454 тн, Төвийн бүс 22,419 тн, Зүүн бүс 7,415 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд нэгдүгээр сарын 01-нээс гуравдугаар сарын 28 хүртэлх хугацаанд нийт 467.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 5.8 мян.тн, АИ-92 автобензин 140.4 мян.тн, АИ-95/98 автобензин 5.3 мян.тн, Дизель түлш 267.3 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 9.4 мян.тн, Жет А-1 түлш 11.1 мян.тн, бусад бүтээгдэхүүн 27.8 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолжээ.
Сэтгэгдэл бичих