Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр саатуулснаас хойш түүнийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжилсээр байна.
Нийслэлийн Прокурорын газраас түүнд болон лам Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн.
Харин лам хүн байсан гэх Б.Отгонбаатар нь батлан даалтад гарчээ. Гэвч яруу найрагч Ц.Хулан эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарах хүсэлтээ удаа дараа гаргасан ч өнөөдрийг болтол хуулийн байгууллага зөвшөөрөөгүй байгаа аж. Иймд Ц.Хулангийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж хүсэлт гаргаад байгаа гэнэ. Тэрбээр “Ц.Хулан нь архаг хууч хүнд өвчтэй, эмнэлгийн байнгын хяналтад байдаг, удаа дараа ухаан алдаж унасан, одоогоор биеийн байдал ноцтой хүнд байна. Ц.Хулантай адил Эрүүгийн хуулийн заалттай П.Отгонбаатар нь хувийн батлан даалтад байхад шүүх прокурорын байгууллага хүний эрхийг зөрчиж, хэргийн холбогдогчдод ялгавартай хандаж байна” гэжээ.
Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан билээ.
Сэтгэгдэл бичих