БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон талын Монголд төрийн айлчлал хийлээ
Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны 05 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ. Эммануэл Макроны айлчлал нь Бүгд Найрамдах Франц Улсаас төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны түүхэн айлчлал бөгөөд БНФУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн зургаа дахь, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн өрнөдийн хоёр дахь улс юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав
Төрийн тэргүүн нар цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт, түүний дотор Солонгосын хойг дахь дээрх асуудлын ач холбогдлыг онцлов. Үүнтэй холбогдуулан Франц Улс НҮБ-ын холбогдох тогтоолуудыг хүндэтгэн мөрдөхийг БНАСАУ-д уриалж, Зүүн Хойд Ази дахь яриа хэлэлцээг дэмжих чиглэлээрх Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв.
Хөгжил цэцэглэлт, жендерийн тэгш байдал, феминист гадаад бодлого, тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг бууруулах, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, эрчим хүч, хүнсний аюулгүй байдлыг хангах, дэлхийн эрүүл мэндийг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны орон зайг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж, энх тайван аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үндэсний болон даян дэлхийн нийтлэг зорилтуудыг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан хэрэгжүүлэхийн төлөө хоёр орны хамтын ажиллагааг дараах чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
Үүнд онцолбол:
- Батлан хамгаалах салбарт хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, ялангуяа жил бүр зохион байгуулдаг олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжинэ. Монголын цэргийн алба хаагчдын чадавхыг сайжруулах, франц хэлний сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх зэрэг чиглэлээр өргөжүүлнэ.
- Иргэний хамгаалалтын салбарт хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа гамшгийн хохирлыг бууруулах монголын үндэсний багийн чадавхыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, гамшгийг бууруулах олон улсын ажиллагаанд хувь нэмрээ оруулах чиглэлээрх мэргэжлийн сургалтыг хамтран зохион байгуулна.
- Тогтвортой хөгжлийн салбарт онцгой ач холбогдол өгч, Франц Улсын санхүүжилт, дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод байгаль орчинд ээлтэй агаарын дүүжин тээвэр төслийг бүрэн хэрэгжүүлнэ.
- Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн олон улсын зорилт, санаачилгыг дэмжиж, Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Франц Улсын “Ойн дээд хэмжээний уулзалт”-аас гаргасан санаачилгыг уялдуулан хамтран ажиллана.
- Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Бадрах Энержи ХХК”-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслөөр яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллана.
- Эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг гэмтэл согог судлал, хавдар судлалын эмч мэргэжилтнүүдийн солилцоог дэмжиж, чадавхыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх замаар өргөжүүлнэ.
- Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол, Францын хооронд шууд нислэгтэй болохыг дэмжинэ.
Монголын тал Парис 2024 олон улсын олимпын наадам, паралимпын наадмыг амжилттай зохион байгуулахад францын талд амжилт хүсэж, биеийн тамир, спортын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцлоо.
Сэтгэгдэл бичих