Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-оос зохион байгуулдаг Олон Улсын уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо 90 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
Канадын Хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны ерөнхийлөгч Алекс Кристофер чуулганыг нээж өчигдөр (2022.06.13) үг хэлэхдээ дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хийхэд уул уурхайн салбар голлох үүрэгтэй бөгөөд COVID-19 цар тахлаас үүдсэн хайгуул, тээвэрлэлтийн сүлжээний хүндрэлийг даван туулж, шинэ технологийг сэргээн хөгжүүлэхэд энэхүү чуулга уулзалт чухал ач холбогдолтойг онцолсон байна. Мөн уг чуулганд Канадын Байгалийн нөөцийн сайд Жонатан Вилкинсон болон тус улсын төрийн холбогдох албан тушаалтнууд, мөн дэлхийн улс орнуудын уул уурхай, хайгуулын компанийн төлөөлөл, банк, санхүүгийн байгууллагын удирдлагууд, хуульчдын баг оролцож байна.
Энэхүү чуулга уулзалтад манай улсаас Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, С.Ганбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Я.Ариунболд болон “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэт” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ зэрэг манай улсын уул уурхайн томоохон компанийн төлөөллүүд оролцож байна.
Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганы хүрээнд Монгол Улсаа сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилгоор “MONGOLIA@PDAC 2022” бизнес форумыг амжилттай зохион байгуулав.
Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Ивкофф, УИХ-ын гишүүн Г. Дамдинням, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар арга хэмжээг нээн үг хэлж, зэс, алт, металлургийн нүүрс, литиумын хайгуул, олборлолт зэрэг сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Монголын уул уурхайн салбарын давуу тал, Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах боломж, Ашигт малтмалын тухай хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн өөрчлөлт гэсэн асуудлаар нээлттэй ярилцсан байна.
Энэхүү бизнес форумд “Оюутолгой”, Steppe gold, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэ Ресурс Девелопмент”, Xanadu Mines, ION Energy зэрэг компани төслүүдээ танилцуулсан юм.
Сэтгэгдэл бичих