Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрхэм хүндэт монголчуудаа аа, эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа. Өнөөдөр Монгол Улс Франц улстай ураны гэрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ бол гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой гэрээ юм.
Засгийн газар, УИХ-аар батлуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, соёрхон батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй дагаж мөрдөх болно.
Франц улс бол манай улсын гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад улс төрийн бүхий л дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, чуулганаар нээлттэй хэлэлцэн баталсан парламентын гишүүд зөвшилцсөн парламентад суудалтай улс төрийн намын удирдлагууд, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, хамт олон салбарын нийт эрдэмтэн судлаачиддаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэв.
Сэтгэгдэл бичих