Авилгын хэрэгт сэжиглэгдэж буй Т.Бадамжунайг өнөөдөр Филиппинээс авч ирсэн бөгөөд уг үйл ажиллагааны багийн бүрэлдэхүүнд Хууль зүйн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд нар багтжээ.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Манай явсан баг, бүрэлдэхүүн хэд хэдэн улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж бичгээ гардуулсан. Энэ хүрээнд Т.Бадамжунайн гадаад пасспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаах утга бүхий албан бичиг хүргүүлсэн. Тиймээс Филиппин улсын цагдаагийн газраас түүнийг албадан саатуулсан ба энэ нь 10 гаруй цаг үргэлжилсэн. Иргэн Т.Бадамжунай өөрөө албадан гарахдаа асуудалгүй, эсэргүүцэл үзүүлэхгүй нутаг буцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн” гэв. Т.Бадамжунайг эхний ээлжид сэжигтнээр тооцон баривчилгаа явуулж байгаа аж. Цаашид цагдан хорих, таслан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, Гадаад харилцааны шугамаар бусад хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлтээ хүргүүлээд байгааг сайд Х.Нямбаатар онцоллоо.
Сэтгэгдэл бичих