УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Улсын хэмжээнд шатахуун, түлшний хомсдолын асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон албаны хүмүүсийн мэдээллийг АН-ын бүлэг сонссон байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны шийдвэрийг хүлээсээр монголчууд хүнд байдалд орчихлоо. Бид хоёр сар гаруй шатахуун, түлшний асуудлаар сануулга өгч байсан. Өнөөдөр нөхцөл байдал хүндэрсэн хэвээрээ байна. Хариуцсан сайд болон албан тушаалтнуудын амнаас шийдэл сонсогдохгүй байна. Улаанбаатар хотод таван цаг дараалалд зогсож байж, АИ-92 авч чадалгүй үнэтэй АИ-95 худалдан авч байна. Хөдөө орон нутагт нөхцөл байдал бүр хүнд байна. Малчид эрх баригчид шиг АИ-95 авч чадахгүй. Өвөлжилт хүндэрсэн энэ нөхцөлд малчдад туслахаар хөдөлгөөн өрнүүлье гэдэг өвс тэжээл ачаад явах түлштэй машин алга. Эрх баригчдын бодлого хаана байна. Сөрөг хүчин бид төр ард түмний хооронд гүүр болох үүднээс энэ асуудлыг удаа дараа тавьсан ч шийдэл алга байна. Улаанбаатар хотод шатахуун, түлш байхгүй болгож байгаад түгжрэлийг шийдье гэж бодож байгаа юм биш биз дээ. Агаарын бохирдол угаар яриад байсан. Автомашины яндангаас гарч байгаа утааг нь бууруулж байгаа юм уу гэдэг хардлага байна. Бүлгийн хуралдаанаар энэ асуудлуудыг ярилаа. Асуудлыг долоо хоногийн дотор шийднэ гэдэг зүйл хэлсэн. Бид үнэмшихгүй байна. Хоёр сарын өмнө намын бүлэг, байнгын хороо, чуулган дээр ярьсан зүйлүүд хэвээрээ байна. Эрх баригчид битгий машиндаа дүүрэн шатахуун хийгээд бай гэж байна. Нийт 60 сая тонн нүүрс экспортолсны улмаас түлшний хомсдолд орлоо гэж байна. Энэ асуудлыг хариуцсан Засгийн газар, яам, агентлаг тооцоо судалгаа гэдэг зүйл алга. Бид албаны хүмүүсийг дуудаж, уулзсан боловч маш олон асуултын тэмдэгтэй үлдлээ” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нартай цаг гаруй ярилцлаа. Бүх зүйл тэг зогсолт руу явж байна. Өнөөдөр хөдөөд дизель түлш нэг литр нь 5000 төгрөг давсан байна. Гэтэл энэ асуудал өнөө маргаашаа аргацаасан хариулт өгч байна” гэлээ.
Сэтгэгдэл бичих