Нүүрсний сонсгол зохион байгуулах асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Нүүрсний хэргийг хянан шалгах улсын түр хороо хуралдаж, нээлттэй сонсгол хийх товыг тогтоож, гэрчээр дуудах түр хорооны тогтоолыг баталсан. Нээлттэй сонсголыг хоёр үе шаттай хийнэ. Эхний сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд болно. Эхний удаагийн сонсголоор дөрвөн мэдээллийг сонсож, гэрчүүдийг дуудна. Нэгдүгээрт, орон нутгийн “Тавантолгой” компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг сонсоно. Хоёрдугаарт, тус компанид бусад эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтууд тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонсоно. Гуравдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл, дөрөвдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, 2011-2023 оны аравдугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа ажил үйлчилгээг эхний сонсголоор хэлэлцэнэ” гэв.
Харин хоёр дахь сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох юм байна. Тус сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлт, түүний охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хэрэгжилт, тус компанийн санхүүжүүлсэн бусад төслүүд, тус компанид хийсэн хяналт шалгалт, үр дүн гэсэн асуудлаар болох нь.
Тэрбээр мөн хэлэхдээ “Хянан шалгах түр хорооны даргаар миний бие 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр томилогдсон. Шинжээчдийг томилсон. Намайг очсоны дараа таван шинжээчийн гурав нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Үүнээс хойш нийт 15 шинжээч томилсон. Одоо 17 шинжээчийн хамт нэг сар ажиллаж байна. Энэ хугацаанд нотлох баримт нэмж цуглуулахаар төрийн 30 байгууллага, төрийн өмчит таван компани, хоёр аж ахуй нэгж, нийт 37 байгууллагад нотлох баримт байгууллахаар албан бичиг хүргүүлсэн байна. Нотлох баримтын цар хүрээний хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойших санхүүгийн мэдээллийг авч үзэж байгаа” гэв. Түүнчлэн Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 1.5 сая гаруй мэдүүлгийн дэлгэрэнгүй жагсаалт, түүний программын 270 мянган бүртгэл, 630 гаруй нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 110 гаруй олборлолтын гэрээ болон тус компанийн 13 жилийн уулын олборлолтын тайлан, санхүүгийн программын дата бий. Мөн Гашуунсухайт дахь гаалын газраас Цагаан хадад байрлах 36 бүсэд байрлах 2.5 сая гаруй нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бичлэг, Эрдэнэс Тавантолгой ХК-д 2023 оны аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацааны байдлаар нүүрс худалдах, худалдан авах 698 гэрээг хянаж, борлуулалтын тайланг хянаж, тус компанийн арилжааны банканд бүртгэлтэй 75 ширхэг дансны 10 мянга орчим гүйлгээг данс хөөх аргаар шалгаж байгааг онцоллоо.
Сонсголд гэрчээр дуудах хүмүүсийг тогтоолоор баталсан бөгөөд нийт 175 иргэнийг дуудах тогтоол батлагджээ. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учир энэ тоо нэмэгдэх юм байна.
Эхний сонсголд ирэх 175 иргэнийг танилцуулъя.
Эхний өдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр 62 иргэнийг дуудна. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Адьшаа, УИХ-ын гишүүн асан Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг, аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүс болох Б.Бадраа, Б.Батаа, Будын Мятав, Бодьхүүгийн Дэндэвсам, н.Цэвээн, н.Отгонжав, н.Сандаг, Л.Цэцэг-Өлзий, Н.Хүрэлээ, н.Амгалан, н.Энхбат, н.Бадрах, н.Золжаргал, н.Түмэндэлгэр, н.Цогтсүрэн, н.Баттулга, н.Бяцхансүх, н.Жаргалсайхан, н.Идэрцог, н.Түвшинбаяр, н.Эрдэнэ-Очир, н.Мөнхбат, н.Мядагсүрэн, н.Батчулуун, н.Сумъяа, н.Мөнхбаяр, н.Түмэнбаяр, н.Баянбат, н.Сэддорж, н.Нарантуяа, н.Мөнхбаатар, н.Ганболд, н.Даваацэрэн, н.Мөнхдэлгэр, н.Содномцэрэн, н.Амарсанаа, н.Лхагвадорж, н.Мөнхдуул, Ханбогд сумын засаг дарга н.Нэхийт, Ханбогд сумын газрын даамал н.Оюун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын дарга н.Золжаргал, н.Алтансүх гээд 2012 оноос хойших бүх ашиг малтмалын агентлагийн дарга нарыг дуудаж байгаа аж.
Хоёр дахь өдрийн сонсгол буюу 5-ны өдөр гэрчээр дуудах албан тушаалтнууд Пүрэвдулам Дөлгөөн хайрхан аудитын захирал, Тунгалаг Их Монгол аудитын гүйцэтгэх захирал, Билэгсайхан Пандэр мидланд аудитын гүйцэтгэх захирал, Энхжаргал Юни Стар аудитын гүйцэтгэх захирал, Отгонбаяр Өмнөговийн ерөнхий аудитор, Алтанзаяа Өмнөговийн аудитын газрын дарга, Хонгорзул Өмнөговийн аудитын газрын дарга, Цэрэнбаяр Өмнөговийн аудитын газрын дарга, Артаг гүйцэтгэх захирал, Батсүрэн гэрээ эрх зүйн албаны дарга, Болд-Эрдэнэ уул уурхайн төлөвлөлт ашиглалтын хэлтсийн дарга, инженер, Ерөнхий прокурор асан Дорлигжав, ерөнхий аудитор асан Д.Зангад, ерөнхий аудитор асан Б.Хүрэлбаатар , ерөнхий аудитор Занданбат , худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга Төрмандах , Түвшинбаяр /ТУЗ-ын дарга, Шүрэнхишиг ерөнхий нягтлан бодогч/, Төрмандах Бадрах-Од өгөөж компанийн гүйцэтгэх захирал, “Таванхур” компанийн захирал, “Болор-Адрант” компанийн гүйцэтгэх захирал, “Говь түрүү” компанийн гүйцэтгэх захирал, Ариунболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал, “Хишиг арвин индустрал” компанийн гүйцэтгэх захирал , Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Батболд үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга, “Эрдэнэдрийлинг” компанийн захирал, “Элгэн” компанийн захирал Цогтбаяр, “Аз групп” компанийн гүйцэтгэх захирал Одбаяр, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ганхүү, Өнөрбат мэдээллийн технологийн дарга, Батсайхан захиргаа удирдлагын дарга, ТУЗ-ын гишүүн Батбилэг, Алс группээс Одбилэг, Ганхүү, Өнөрбат, Мультипак компаниас Тод-Од, Ганхүү, Сумъяагарав зэрэг хүмүүс байна.
-УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы нэр гарсангүй?
-Нүүрсний сонсгол хоёр үе шаттай. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлт, борлуулалт, төсөл, охин компани, хөрөнгө оруулалтын асуудлууд нь арванхоёрдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд болно. Үүнд Т.Аюурсайхан дуудагдана.
-УИХ-д байгаа гишүүдийн нэрс алга. Ялангуяа танай намынхан алга?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлууд хоёр дахь сонсгол дээр яригдана. Үүнээс долоо хоногийн өмнө дуудагдах хүмүүсийн нэрсийг зарлана. Эхний асуудлаар орон нутгийн “Тавантолгой” компанийн асуудлыг хэлэлцэнэ.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар?
-Н.Өнөрцэцэгтэй холбоотой ойрын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрээ нүүрс тээврийн компани байгуулсан гэх асуудал хяналт шалгалтын үеэр тогтоогдож байгаа.
-Сонирхлын зөрчилтэй шинжээч байгаа юу?
-Сая хэлсэнчлэн шинжээч томилж, чөлөөлөх хугацаа алга. Бид байгаа бүхий л боломж нөөцөөрөө ажиллаж, дүнгээ гаргана. Жишээлбэл, 2.5 сая машины бичлэг шүүж байна. Хил хамгаалах байгууллага дээр устгасан байсан бүх мэдээллийг сэргээж байна. Нүүрсний зөрүү гэж яриад буй бүртгэлгүй тээвэрлэлтийг хоёр дахь асуудал яригдана. Энэ талаар би товч мэдээлэл хийнэ. Одоо бол жижиг Тавантолгой компанитай холбоотой ярина.
-Гэрчээр дуудагдсан өндөр албан тушаалд байсан хүмүүс яг ямар шалтгаанаар дуудагдаж байгаа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой дуудаж байгаа. Ерөнхий прокурор байсан хүмүүсийг тухайн үед энэ асуудлаар эрүүгийн хэргээр шалгагдаж байсан ч дийлэнх нь хаагдсан. Энэ талаар тайлбар авна. Ерөнхий аудитор бол бүх зүйл дээр дуудагдана. Гаалийн ерөнхий газрын бүхий үеийн удирдлагын баг хоёр дахь сонсгол дээр дуудагдана. Энэ нүүрсүүд яагаад бүртгэлгүй гарсан бэ гэдгийг асууна.
Сэтгэгдэл бичих